УДЭТ-ын босгыг 17 жил элээж буй жүжигчин Г.Амгаланбаатар энэ сарын 21-нд уран бүтээлийн цэнгүүнээ хийх юм. Цэнгүүнийх нь өмнөхөн “Хос багана” буландаа түүнийг гэргийтэй нь урилаа. Г.Амгаланбаатарын гэргий Б.Оюунжаргал герман хэлний багш мэргэжилтэй. Ханилаад 20 дахь хавраа угтах гэж буй тэд хоёр хөөрхөн хүүхдийн аав, ээж. Тэдэнтэй ярилцсаныг хүлээн авна уу.
-Хэрхэн танилцсан тухай дурсамжаа хуваалцаач?
Г.А: -Анх танилцах үед би 17, хань маань 16 настай байсан. Хорин хоёр жилийн өмнө гэсэн үг. Манайх Төв аймгийн Эрдэнэсант сумын Өвөр-Ус гэдэг газарт зусдаг байлаа. Нэг зун манайд аав, ээжийн минь гэр бүлийн найз гурван охинтойгоо амрахаар ирэв. Тэр гурван охины дундах нь миний хань юм шүү дээ. Тэгж л анх танилцсан. Хоёр жил гаруй үерхсэний дараа хадмынхаа жижиг өрөөнд амьдралаа эхлүүлж байлаа.
Б.О: -Анх хараад “Энэ хөдөөд хотынх гэмээр царайтай хөвгүүн байдаг л юм байх даа” гэж бодсон. Шууд л нүдэнд туссан даа. Гитар тоглодог, хайрын дуу дуулдаг, авьяастай хүү байлаа.
-Анхны болзоо хүнд мартагддаггүй дурсамжийн нэг болдог. Та хоёр хэрхэн болзож байв?
Б.О: -Сүхбаатарын талбайд болзсон. Тэр үед одоогийнх шиг гар утас гэж байсангүй. Гэрийн суурин утсаар ярьж, цаг товлоод л уулзсан даа. Анхны болзооныхоо үеэр авахуулсан зураг бий. Хамгийн инээдтэй нь зургаа хамт авахуулчихаад л харьцгааж билээ.
-Хань тань сургуулилалт, тоглолт, киноны зураг авахуулах гээд гэрийн бараа бараг хардаггүй байх. Ингээд бодохоор урлагийн хүнтэй ханилах амаргүй байх даа.
Б.О: -Урлагийн хүнтэй гэрлэнэ гэж төсөөлөө ч үгүй явлаа. Анхандаа ч алба, амины ажлаа амжуулж чадахгүй түүртдэг байв. Шантраад салмаар санагдаж байсан үе ч бий. Амьдрал үргэлж дардан байдаггүй. Юм юм л тохиолдоно. Ачаалал их нь ч их шүү. Гэхдээ ажрахаа байсан. Хүн завгүй байх тусмаа бүхнийг амжуулаад сурчихдаг юм байна. 20 шахам жил ханилчихлаа даа.
-Том хүүгээ оюутан байхдаа төрүүлсэн гэсэн үү?
Б.О: -Хүү минь хэдхэн хоногийн дараа 18 нас хүрнэ. Хоёрдугаар дамжаанд сурч байхдаа хүүгээ төрүүлсэн. Хүүгээ төрөхөд манай хүн яасан гэж санана.
-Яасан гэж?
Г.А: -Би ярьчих уу?
Б.О: -Тэг тэг.
Г.А: -Тэр өдөр миний тоглосон “Эр хүн зүрхэндээ уйлдаг юм” киноны нээлт давхацлаа. “3200 гр хүү төрлөө” гэж сонсоод л уйлчихсан. Баярласандаа II төрөх эмнэлгийн гадаа микро автобусаар дүүрэн найзуудаа дагуулж ирээд
“Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь...” гээд дуулаад л. Тэгээд эмнэлгийн гаднаас хөөгдөж билээ.
Б.О: -Арай гэж хүүхдүүдээ унтуулсан ээжүүд бүр гайхаад, уурлаад. Би сандарсандаа “Гэртээ харь” гэж хөөгөөд л.
-Хүүгээ залуудаа төрүүлчихсэн болохоор одоо найзууд шиг сайхан байдаг байх даа.
Г.А: -Хүү минь их зөөлөн, дөлгөөхөн зантай. Яг ээж шигээ. Энэ жил дунд сургуулиа төгсөнө. Ирэх намраас гадаад руу сургуульд явна гээд төлөвлөчихсөн. Ер нь биеэ даасан, өөрийн гэсэн бодолтой. Эхнэр бид хоёр ч энэ зан чанарыг нь их үнэлдэг юм.
-Ажил ажил гэж явсаар л хоёр хүүхдээ олон насны зөрүүтэй төрүүлсэн юм уу. Хүүтэй юм чинь охин хүүхэд их хүссэн байх.
Б.О: -Харин тийм ээ. Ажилдаа улайрч явтал нэг мэдэхэд хүү минь гараас гарч, хүүхдийн зай холдсон. Охиноо гэдсэнд байхад эхо-д харуулаад хүйсийг нь мэдчихсэн л дээ. Гэхдээ ханьдаа хэлээгүй юм. Охин хүүхдийн мөрөөдөл болчихсон байсан болохоор нэг мөсөн төрөхөөр нь баярлуулъя гэж бодоод нуучихсан. Охин маань одоо найман настай. Аавынхаа амин эрдэнэ нь. Охиноо төрүүлсний дараа надад ямар гоё шүлгүүд бичиж өгсөн гэж бодно.
-Их романтик хүмүүс юм аа даа?
Б.О: -Хоёулаа романтик шүү.
-Бүл нэмэх бодол бий юү?
Г.А: -Байгаа шүү. Гэхдээ арай болоогүй.
-Хүүхдүүдээс чинь та хоёрын мэргэжлийг өвлөх нь үү?
Г.А: -Хүү маань урлагийн их мэдрэмжтэй. Нэгдүгээр ангид байхдаа Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжгийн Цагаадайн бага насны дүрд тоглож байлаа. Гэхдээ жүжигчин болох, эсэхийг нь мэдэхгүй. Урлагийн менежмент, цаашлаад найруулагч мэргэжлийг их сонирхоод байгаа нь анзаарагддаг юм. Харин охин маань жүжигчин болж магадгүй шүү. В.Гюгогийн “Парисын дарь эхийн сүм”-ийн бяцхан Эсмиралда, Г.Ибсений “Нора” жүжигт Норагийн охины дүрд тоглодог.
-Анх бие биедээ дурлаж хайрлаж байх үед найз бүсгүй эсвэл залуугаа хүн өөрөөр хардаг байх. Олон жил хамт амьдрах тусмаа харин нэгнийхээ сайн зан чанар, алдаа дутагдлыг андахгүй мэддэг болдог болов уу?
Б.О: -Тийм шүү. Юугаа ч мэдэхгүй хоёр жаахан хүүхэд нэг нэгэндээ сэтгэл алдарч, хайраасаа өөр юунд ч найдахгүйгээр амьдралаа эхэлсэн. 20 жил гэдэг бага хугацаа биш. Шантрах, унах, зориглох, босох үе зөндөө тохиолдлоо. Энэ бүгдийг хамт туулсаар нэг нэгнээ андахгүй мэддэг болж дээ.
-Олон жил хамт амьдрахаар гэр бүлийн хүмүүс адилхан болчихдог, харцаараа ойлголцдог гэдэг.
Г.А: -Юм хэлэхгүй байсан ч байгаа байдлыг нь хараад л юу бодож, юу гэж хэлэх гэж байгааг нь түвэггүй мэддэг болчихсон.
-Ханийнхаа тоглосон ямар уран бүтээлийг анх үзсэн бэ?
Б.О: -Хамгийн анх Б.Батбаярын (Баабар) “Бооцоо” жүжгийг үзсэн санагдаж байна. Төрийн шагналт Н.Сувд, Ц.Төмөрбаатар зэрэг мундаг жүжигчидтэй нэг тайзан дээр тоглож байхыг нь харахад ямар гоё санагдсан гээч. Их бахархсан. Түүнээс хойш бүх уран бүтээлийг нь үзсэн дээ.
-Ямар дүрд нь хамгийн хайртай вэ?
Б.О: -Кен Людвигийн “Гол дүрийн амрагууд” жүжгийн дүрд нь их хайртай. Жүжигчин С.Болд-Эрдэнэтэй хамт эмэгтэй хүний дүрд хувирч тоглодог юм. Манай хүнд инээдмийн дүр их цөөхөн ногддог. Харин энэ жүжигт хошин дүрд тоглосон нь их хөөрхөн харагдсан.
-Тайз, дэлгэцийн уран бүтээлийн үед хамтран тоглогчоо тэврэх, үнсэх гэх мэт тохиолдол гардаг. Тэр үед нь таагүй санагддаг байв уу?
Б.О: -Янз бүрийн юм бодож хямардаг үе байгаагүй биш, байсан. Залуу байж дээ. Уран бүтээл гэдэг талаас нь ойлгоогүй явсан шиг байгаа юм. Одоо бол тоохгүй ээ.
-Хүмүүс хайртай бол хартай, нэг бол хар гэж өвчин гээд янз бүрээр ярьдаг. Таныхаар хар гэж юу юм бол?
Г.А: -Өвчин. Хайртай бол хартай гэдэг юу л бол. Хар гэдэг итгэлийн эсрэг зүйл.
-Тэгвэл нэг нэгнээ хардаж байсан уу?
Г.А: -Үгүй. Нэг нэгэндээ итгэхгүйгээр яаж амьдрах вэ.
-20 шахам жил арын албыг нь хариуцаж, шинэ уран бүтээл бүрийг нь үздэг болохоор ханьдаа муухан шүүмжлэгчээс илүүг хэлдэг болсон байх даа.
Б.О: -Санаа оноогоо хэлэх үедээ хэлдэг.
-Та шүүмж, зөвлөгөөг нь сонсож, хүлээн авдаг уу?
Г.А: -Муухан шүүмжлэгчээс дээр гэж яг үнэн. Хамгийн сайн зөвлөгч бол миний хань. Өөрөө урлагийн мэдрэмжтэй болоод ч тэр үү, яг голыг нь олоод хэлдэг. Уг нь хань минь жүжигчин болохыг мөрөөддөг байсан юм шүү дээ. Даанч намайг энэ чиглэлээр сурсан болохоор мөрөөдлөөсөө татгалзаж, өөр мэргэжил сонгосон юм.
-Эхнэрийн тань ямар чанар танд хамгийн их таалагддаг вэ?
Г.А: -Эр хүн ээжийнхээ гараас эхнэрийнхээ гарт очдог гэдэг дээ. Над шиг цаг наргүй ажилтай, түргэн ааш, дураараа зантай хүнийг 20 жил хайрлаж, халамжилж яваа тэвчээрээр нь бахархдаг. Их зөөлөн, дөлгөөн хүн. Би бол омголон зантай. Тийм ч болохоор нэг нэгэндээ тохирдог байх. Хоёулаа дүрсхийсэн зантай байсан бол аль эрт салаа замаар явах байсан биз.
Б.О: -Зөөлөн нь хатуугаа иддэг гэдэг шүү дээ. Хүн зөөлөн, даруу байлаа гээд алдах зүйл байхгүй. Харин ч ононо гэж би боддог.
-Ханийнхаа хийдэг ямар хоолонд илүү дуртай вэ?
Г.А: -Адгийн тэнэг авгайгаа магтдаг гэдэг. Гэхдээ яадаг юм, би магтах дуртай. Миний хань их сайн эзэгтэй. Хэнийг ч дагуулахгүй амттай хоол хийнэ. Анх төмстэй хуурганд нь их дуртай байлаа. Одоо ч хийсэн бүх хоолыг нь амтархан иддэг болсон.
-Танайх аяллаар их явдаг юм билээ. Хамтдаа хийсэн хамгийн сонирхолтой, адал явдалтай, эрсдэлтэй аялал юу байсан бэ?
Г.А: -Аялах их дуртай. Амьдрал бол аялал гэдэг шиг л сонирхолтой амьдрахыг хүсдэг. Сүүлийн жилүүдэд ажил, амьдрал жигдэрч, санаа зовох зүйл багасаж байна. Тиймээс олдсон цаг заваа гэр бүлдээ зориулах болсон. Монголынхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар нэлээд аялсан. Манай хүн даруу хүн болохоор хэр баргийн эрсдэлтэй үйлдэл хийдэггүй. Би бол яавал ч яачихмаар зантай, сэтгэл хөдлөл ихтэй хүн шүү дээ.
-Хүмүүс аз жаргалыг эд хөрөнгөтэй холбож ярих нь цөөнгүй. Таныхаар айл гэрийн аз жаргал юунд оршдог юм бол?
Б.О: -Ажиглаад байхад залуу гэр бүлүүд нэг нэгэндээ хүлээцтэй хандаж, ойлгохгүй байгаа юм шиг санагддаг. Хоёр өөр орчинд өссөн, тэс өөр хүмүүжилтэй хүмүүс нэг гэрт амьдрахад зөрчил гаралгүй л яах вэ. Итгэж, бас уучилж чаддаг байх хэрэгтэй.
Г.А: -Элэг бүтэн, эрүүл энх байхад. Нэг нэгнээ хайрлаж, итгэж, үзэл бодолдоо үнэнч, хэзээ ч урваж шарвахгүй байвал аз жаргал аяндаа ирдэг.
-Нэг нэгнээсээ авсан хамгийн гоё бэлэг юу вэ?
Б.О: -Хань минь надад эмгэн, өвгөний дүрстэй баримал бэлэглэсэн. “Насан туршдаа надтай хамт байгаарай” гэсэн утгатай.
Г.А: -Хоёр сайхан үр минь миний ханиасаа авсан хамгийн том бэлэг.
-Тэгвэл ханиасаа сонссон хамгийн сай- хан магтаал, урмын үг нь..?
Б.О: -“Чи миний амьдралын утга учир шүү” гэдэг үгийг надад байнга хэлдэг. Энэ нь л бусад ямар ч үгнээс хамгийн сайхан.
-Уурлах, бухимдахаараа ямар авир гаргадаг вэ. Нэгнээ хэрхэн тайвшруулдаг вэ?
Г.А: -Би түрүүлж уурладаг мөртлөө бас түрүүлж аргаддаг. Их түргэн уурлаад хурдан тайвширчихдаг зантай. Эр хүн буулт хийж чаддаг байх ёстой.
-Үнсэлтийн тухай олон баримт бий. “Өдөр бүр эхнэрээ үнсдэг эрчүүд амжилтад хурдан хүрдэг”, “Байнга үнсэлцдэг хүмүүс урт насалдаг” гэх мэт. Та хоёр бие биенээ хэр их үнсдэг вэ?
Б.О: -Байнга. Өглөө бүр намайг үнсэж, инээмсэглэж сэрээдэг.
-Хамгийн сүүлд хэзээ болзов. Хүүхдүүдээсээ нууцаар “булагнаж” чадаж байна уу?
Г.А: -Боломж гарвал булагнадаг шүү.
-Танай гэр бүл ямар баярыг бусдаас илүү нижгэр тэмдэглэдэг вэ?
Б.О: -Шинэ жил, хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг сайхан тэмдэглэхийг хүсдэг.
-Энэ сарын 21-нд уран бүтээлийн анхны цэнгүүнээ хийх гэж байгаа гэсэн. Эл цэнгүүнийхээ тухай ярина уу?
Б.О: -Хүний хань л юм чинь хийхээр зорьж буй бүхнийг нь дэмжиж, хажуунаас нь тулах ёстой. “Тоглолтоо хиймээр байна” гэхэд ханийгаа шууд л дэмжсэн.
Г.А: -УДЭТ-т хөл тавиад 17 жил өнгөрчээ. Одоо УДЭТ-таа ажиллахын зэрэгцээ СУИС-д багшилж, Төв аймгийн “Монгол туургатан” театрын ерөнхий найруулагчаар ажиллаж байна. Үзэгчдэдээ ямар уран бүтээлч болсон бэ, ямар уран бүтээлд тоглосон бэ гэдгээ анх удаа тайлагнах гэж байна. “Хязгааргүй орон зай” тоглолт маань СТӨ-нд болно. Тоглолтыг Төрийн шагналт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулж байгаа. Тоглолтод өнгөрсөн хугацаанд тоглосон 50 орчим жүжиг, 20 гаруй киноны гол болон туслах дүрээсээ сорчлон тоглоно. Мөн “Драмын дөрөв” хамтлагтайгаа гаргасан хоёр цомгийнхоо дуунуудаас дуулна. УДЭТ, Үндэсний урлагийн их театр, “Маск” продакшн, “Мөрөөдрийн театр”-ын уран бүтээлчид, рок попын хамтлаг, дуучид оролцоно.