“25 дугаар суваг” телевизийн уран бүтээлчид өмнө нь “Улаанбаатарт нэг удаа”, “Тайгад нэг удаа” реалити нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэж байсан билээ. Тус хамт олон эл төслөө үргэлжлүүлэн, “Ар, Өвөрмонголд нэг удаа” цуврал нэвтрүүлгийг энэ сарын 18-наас үзэгчдэд хүргэж эхэллээ. Монгол болон Өвөрмонголын ахуй амьдрал, малчдын мал маллах арга ухаан, мал аж ахуй, зан заншил, нийгэм, соёлын ялгаа зэргийг эл нэвтрүүлгээр харьцуулан харуулах бөгөөд оролцогчид нь тав хоногийн турш нэг нэгнийхээ гэрт буюу орчноо сольж амьдрах юм.
Энэ удаагийн нэвтрүүлэгт Төв аймгийн Өндөрширээт сумын мянгат малчин, “Авьяаслаг монголчууд-2016” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Тунгалагтамир, ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Эхбулаг сумын малчин С.Ванчигдорж нар оролцож буй бөгөөд тэдний шинэ орчинд хэрхэн дасаж, бэрхшээлийг яаж даван туулж байгаа тухай маш сонирхолтой үйл явдлыг “25 дугаар суваг”- аас үзээрэй.