Найруулагч Ёндонжамцын Балдангийн “Тайзны орон зайн хөдөлгөөн” ном уншигчдад хүрлээ. Тайзны урлагийн оршин байх учир, хэв маяг, онцлог, туйлын зорилго зэрэг олон утгыг онолын талаас нь сонирхолтой хэлбэрээр уг номд өгүүлжээ. Мөн тайзны урлагийг “Урагшлах хөдөлгөөн”, “Үйлдэх хөдөлгөөн”, “Буцах хөдөлгөөн”, “Нөхцөлт илэрхийллээс цааших хөдөлгөөн” зэрэг хэсэгт хуваан задлан шинжилснээрээ онцлог. Тайзны урлагийг онолын хэмжээнд ингэж өвөрмөцөөр тайлбарласан ном Монголд төдийлөн олон гарч байгаагүй аж. Найруулагч Ё.Балдан 40 гаруй жил Монголын тайзны урлагт зүтгэсэн туршлага, ур чадвартаа үндэслэн энэ өвөрмөц өнцгийг олж харан бүтээлээ туурвижээ. Ингэснээрээ театр урлагийн сургуулийн оюутнууд тайзны орон зайн хөдөлгөөн гэдэг чиглэлээр уншиж судлах нэгэн бүтээл нэмэгдэж байгаа юм.
Номын зохиогч 1967 онд УБДС-ийн кино драмын ангийг төгсөж, тухайн цаг үеэс эхлэн Сэлэнгэ аймгийн театр, соёл урлагийн байгууллагад найруулагч, уран сайхны удирдаач зэрэг ажил хийж иржээ. “Кант” Ё.Балдан гэдэг хочоор нь үеийнхэн нь болон уран бүтээлчид түүнийг андахгүй. Монголын урлагийн байгууллага ялангуяа Сэлэнгэ аймгийн театр, урлагийн байгууллагын хөгжлийг тэрбээр 40 гаруй жил тодорхойлж ирсэн байдаг. Энэ хугацаанд тэрбээр Ш.Цэрэнгийн “Дөл бадарсан ширэнгэ”, Д.Намдаг “Сандралт арав хоног”, М.Бажиевын “Сэтгэлд харвасан туяа” зэрэг жүжиг, мөн “Сэлэнгийн долгио” чуулгын уран сайхны удирдаачаар 2000 оноос ажиллаж байхдаа “Нууц товчоо” зохиолоос сэдэвлэсэн “Эрсэн хүнээ оллоо” туульсын хэлбэрт тоглолтоороо шилдэг бүтээлийн шагнал авч байжээ.
“Тайзны орон зайн хөдөлгөөн” бүтээлийг “Бадрангуй урлаг” ТББ, “Сити” их сургуулиас дэмжин хэвлэн гаргасан бөгөөд номын редактороор орчуулагч Норовын Пүрэвдагва ажиллажээ. “Бадрангуй урлаг” ТББ нь “Урлагийн номын сан” цувралын хүрээнд “Театрын өндөр ээж”, “Жүжигчин, найруулагчийн уран чадвар”, “В.Э.Мейерхольд намтар захидал өгүүлэл”, “Питер Брук- Хоосон орон зай”, Ёжи Гротовски “Ядмаг театраас хөтлөгч урлаг руу”, “Хөдөөх найруулагч Чимэддоржийн Ганхуяг”, “Найруулагч багш Лайхансүрэнгийн Лхаасүрэн” зэрэг бүтээлийг уншигч олноо хүргээд байгаа. Эдгээрийг залган, найм дахь бүтээл нь “Тайзны орон зайн хөдөлгөөн” ном боллоо.