Австри улсын Вена хотноо орших "Франц Шуберт"-ийн нэрэмжит консерваторийн оюутан, морин хуурч Б.Санжаажав Морин хуурыг Франц Шуберт-ийн нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерваторийн сургалтын системд нэвтрүүлжээ. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа мэдэгдсэн байна.
"Өнгөрөгч 2016 оны есдүгээр сард миний бие монгол үндэстний сонгодог хөгжмийн зэмсэг болох Австри улсын Вена хотноо орших “Морин хуур” хөгжмийг "Франц Шуберт"-ийн нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерваторийн сургалтын системд нэвтрүүлэх тухай хөтөлбөр, төслийг оруулсан билээ. Консерваторийн сургалтын алба болон удирдах зөвлөл нэг сарын турш хуралдан хэлэлцсэний үр дүнд "Франц Шуберт"-ийн нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн сургуульд албан ёсоор “Морин хуур”-ын ангийг нээх шийдвэр гаргалаа. Үүнээс хойш тус сургуулийн сургалтын албатай хамтран миний бэлтгэсэн морин хуур хөгжмийн дөрвөн жилийн бакалаврын зэргийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг тус сургуулийн сургалтын хөтөлбөртэй нийцүүлж илүү боловсронгуй болгох тухайд шамдан ажилласнаар 2017 оны хоёрдугаар сард тус сургуулийн захирал хатагтай Даниела Эгг морин хуурын ангийн бакалаврын зэргийн дөрвөн жилийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг албан ёсоор баталсан юм. Ингэснээр Франц Шуберт-ийн нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерватори-т албан ёсоор “Морин хуур”-ын анги нээгдэж буйг баяртайгаар монгол түмэндээ мэдэгдэж байна.
Ингэснээр Монгол Улсаас болон дэлхийн өнцөг булан бүрээс "Франц Шуберт"-ийн нэрэмжит консерваторит нарийн мэргэжлийн хөгжмийн боловсрол эзэмшээд зогсохгүй “Морин хуур” хөгжмөөр бакалаврын зэргийг хамгаалан төгсөх бүрэн боломж нээгдэж буй юм.
Гадаад оюутнуудын хувьд Монгол Улсын үндэсний хөгжмийг суралцаад зогсохгүй Монголын соёл, урлагтай танилцан суралцах боломж нээгдэж байна. Мөн ингэснээр манай улсын аялал жуулчлалын салбарт ч өндөр ач холбогдолтой.
Монгол үндэстний морин хуур хөгжмийн зэмсэг маань олон улсад мэргэжлийн хөгжмийн их дээд сургуулийн сургалтын системд нэвтэрч буй энэхүү үйл хэрэг нь өнөөдрийг хүртэл Монгол Улсын хэмжээнд болон соёл, урлагийн түүхэнд анхны тохиолдол болоод зогсохгүй үндэсний урлагаа дэлгэрүүлэн олон улсад сурталчлан таниулж буй бодит үйл хэрэг юмаа хэмээн миний бие дүгнэж байна.
Хүндэтгэсэн Б.Санжаажав" гэсэн байна.