Өнөөдөр тохиож буй Дэлхийн яруу найрагчдын өдрөөр Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, “Зохист Дорно” хэвлэлийн газар хамтран “Яруу найраг-Гэрэл зураг. 21/21 дуэль” арга хэмжээ зохион байгуулах нь. Гэрэл зураг, яруу найргийн өгүүлэмжээр дамжуулан эх орныхоо үзэсгэлэнт байгалийг илэрхийлэх зорилготой өдөрлөгт Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа, яруу найрагч Д.Урианхай, Соёлын гавьяат зүтгэлтэн, С.Цацралт, Н.Бөхдамбий, “Болор цом”-ын эзэн А.Эрдэнэ-Очир, Ш.Лхамноржмаа нарын тус бүр 21 яруу найрагч, гэрэл зурагчин оролцох юм.
Өөрөөр хэлбэл, яруу найрагчдын илгээсэн шүлгийн агуулгад тохирсон бүтээлээ гэрэл зурагчид өнөөдөр Театрын музейд нээлтээ хийх үзэсгэлэнд тавих аж. Мөн гэрэл зурагчид 21 яруу найрагчийн хөргийг дарснаа энэ үеэр толилуулах юм байна. Дашрамд дуулгахад, манай сонины Гэрэл зургийн албаны дарга Э.Харцага яруу найрагч Б.Чулуунцэцэгийн “Мандах минь” шүлгийн агуулгад тохирсон зургаар оролцох болсныг хүргэе.
Б.Чулуунцэцэг
Мандах минь
Өөжин шаргал говийн минь талыг бүрхсэн салхи шиг
Өнжмөл цагаан сарных нь дэлхийг гийгүүлсэн гэрэл шиг
Тэнгэр газар хоёрын уусан алдах завсрыг нь тэвхдсээр
Тэмээн сүрэн наашилдаг тийм уужимхан нутаг минь,
Мандах минь
Тумблайдсан хормойд жавар шургах шиг жихүүн
Тулмайдсан бодолд хохь хургах шиг зэврүүн
Онь хөтлийн дээгүүр зэрэглээ нэвтэлж торолздог гийчин шиг
Ог оргүйг таниулж бууриа тамгалсан нутаг минь,
Мандах минь
Чөдөртэй мориндоо алхах 10 настай хөвүүнд
Чөмөг суулгаж хазаарын чимээ хангир жингэр хийнэ
Өчигдөр рүү хаваж урсах амьдралд тулхтай эр болох
Өнө хойчийг нь бүтээж наран манддаг нутаг минь,
Мандах минь...