Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хийлч Ч.Дэлгэрцэцэг энэ сарын 7-нд “Хайр” тоглолтоо нийслэлийн Улаанбаатар чуулгад хийх гэж байна. Түүнээс тоглолтынх нь талаар тодрууллаа.
-Та бие даасан 10 дахь тоглолтоо “Хайр” нэртэйгээр хийх гэж байна. Энэ удаагийн тоглолт өмнөхөөс ямар онцлогтой байх вэ?
-Анх удаа зорилтот бүлгийнхэнд зориулсан хандивын тоглолт хийх гэж байна. Улаанбаатар хотод өрх толгойлсон 100 мянга гаруй ээж, аав байдгийн 80 мянга шахам нь ээжүүд гэсэн тоо баримт байдаг. Би өрх толгойлсон ээжүүдэд зориулан энэхүү тоглолтоо хийх гэж байгаа юм.
Судалгаа явуулж, алслагдсан дүүргүүдийн, нэн ядуу 300 ээжийг баярлуулахаар тоглолтдоо урьсан.
-Тоглолтод ямар уран бүтээлчид хамтран оролцох вэ?
-Улаанбаатар чуулгын бүх уран бүтээлч, “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчид, “Degi’s music school”-ын сурагчид энэ тоглолтод оролцоно.
-Шинэ цомог, дараагийн тоглолтоо төлөвлөсөн үү. Энэ онд ямар шинэ уран бүтээлээр сонсогчдод бэлэг барих вэ?
-Энэ онд шинэ цомгоо гаргахаар ажиллаж байна. “Хайр” тоглолтод удахгүй гарах цомогтоо багтах шинэ уран бүтээлүүдээс сорчлон үзэгчдэд хүргэнэ. Мөн энэ оны сүүлээр дараагийн тоглолтоо хийхээр төлөвлөсөн.