Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны нэрэмжит шилдэг зохиолын дууны “Дууны хорвоо-2” наадам ирэх сарын 11-13-нд Булган аймагт хоёр дахь удаагаа болно. Тэрбээр “Дууны хорвоо”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Ус мөрөн олон чиг”, “Үүлэн цэнхэр хангай” зэрэг олон сайхан дуугаараа түмэн олонд танил билээ. 200 гаруй дуу, найрал дуу, найрал болон цөөхүүл хөгжим, тайз дэлгэцийн гээд нийт 400 гаруй бүтээлтэй. Уралдаанд соёлын тэргүүний ажилтангаас дээш цолтой болон олон улсын чанартай “А” зэрэглэлийн тэмцээнээс гран при шагналтай уран бүтээлчдийг оролцуулахг үй.
Харин мэргэжлийн театр, чуулгын 18-40 насны дуучид болон мэргэжлийн ангийн оюутнууд, ардын авьяастнууд оролцох боломжтой юм. Уралдааны зохион байгуулагчаар Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Булган аймгийн ЗДТГ, аймгийн Боловсрол соёлын газар, Хөгжимт жүжгийн театр ажиллах аж. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав “Чинзориг бол Монголын уянгын дууны хаан юм” хэмээсэн. Уралдаанд оролцогчид Ц.Чинзоригийн “Уйлж дуулах хорвоо” дууны түүвэр номд багтсан бүтээлээс сонгож, урьдчилан бүртгүүлэх юм.
Ж.Сувд