Далай, тэнгис жил бүр ойролцоогоор найман сая тонн хог хаягдлаар бохирддог гэсэн судалгаа байна. Энэ хэрээр далайн нялцгай биетүүд, загас, ургамлын амьдрах орчин бохирдож, зарим нь мөхлийн ирмэгт ч хүрээд буй. Боян Слэт хүүгийн сэтгэл үүнд их зовдог байжээ.
Тиймээс 10 настайгаасаа л гол ус, далай тэнгисийн усыг чадлынхаа хэрээр цэвэрлэдэг байсан гэнэ. Өдгөө 20 настай тэрбээр хогтой гараараа бус, ухаанаараа тэмцэж байна. Юу гэхээр Слэт өнгөрсөн жил далайн ус цэвэрлэдэг технологи боловсруулж, холбогдох газруудад нь санал тавьсан аж.
Тэгвэл түүний технологиор хийсэн, 2000 метр урт төхөөрөмж /агрегат/-ийг БНСУ болон Японы дунд орших Цүсима аралд байрлуулах болжээ. Цүсима бол дэлхийн хамгийн их бохирдсон тэнгис юм байна. Боян Слэтийн аргаар бол далай, тэнгисийн усны хог хаягдлыг сэнсэн төхөөрөмжийн тусламжтайгаар бөөгнүүлж байгаад хамж авдаг аж.
Одоогийн байдлаар бол ийм хогийг завьтай хүмүүс цэвэрлэдэг ч, зай талбайн хувьд хумигдмал, бас эрсдэлтэй ажил юм байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор ухаантай залуугийн бүтээсэн технологийн ачаар нэг удаагийн цэвэрлэгээгээр 100 км талбайгаас хэдэн мянган тонн хог гаргаж хаях гэнэ.