Өнөөдөр төв талбайд “Венийн үдэш” цэнгүүн болж 100 хос вальс эргэн, 120 хүний бүрэлдэхүүнтэй симфони найрал хөгжим тоглоно. Австри, Монгол хоёр улсын соёлын хамтын ажиллагааны илэрхийлэл болж хоёр дахь удаагаа зохиогдох гэж буй “Венийн үдэш”-ийн бүжиг дэглээч, багшаар ажиллаж буй Хайнц Хайденрайхтай ярилцсанаа хүргэе.
Тэрбээр Австрийн алдартай балетын жүжигчин төдийгүй Венийн вальсыг сурталчлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа нэгэн. Монголд богино хугацааны томилолттой ирсэн ч бүжигчдэд сургалт явуулж, өнөөдөр орой 17.00 цагт эхлэх арга хэмжээг зохион байгуулахад оролцож буй.
Австрийн дуурь, бүжгийн театрт гоцлооч байхдаа тэрбээр алдарт бүжиг дэглээч Жорж Балланчин, Рудольф Нуресев нартай хамтран ажиллаж, авьяасаа тодруулсан юм билээ. “Цөмөөхэй”, “Ромео Жульетта”, “Жизель”, “Дон Кихот”, “Хунт нуур”, “Нойрсож буй гүнж”, “Дон Жуан” гээд дэлхийн хамгийн алдартай бүх балетыг гоцолж байснаас гадна улс, үндэстнийхээ нэрийн хуудас болсон Венийн вальсаар ч багагүй амжилт гаргасан аж.
-Таныг шахуу хөтөлбөртэй ирсэн гэж дуулсан. Манай бүжигчид Венийн вальсыг зөв дэгээр нь сурж чадав уу?
-Монголын бүжигчид маш авьяаслаг юм. Бүжгээ маш хурдан сурлаа. Хэдхэн хоногийн дотор 128 бүжигчин буюу 64 хосод бүжгээ заачихлаа
-Венийн вальс бусад бүжгээс юугаараа ялгардаг вэ. Та ямар хөдөлгөөн болон дэгийг ойлгуулах гэж зорив?
-Венийн вальсыг нэг жигд шугаманд бүжиглэх нь чухал байдаг. Бусад вальс долгионтсон өөр хөдөлгөөнтэй байдаг бол Венийх цэх шулуун гэдгээрээ ялгарна. Илүү хээнцэр, цэгцтэй харагддаг гэж ойлгож болно. Хөлийн хөдөлгөөн болон алхалт нь бусад вальстай ижилхэн байдаг.
-Таныг Монголд анх удаа ирж байгаа гэж дуулсан. Ирэхээсээ өмнө ямар оронд очих тухайгаа судалж үзэв үү. Ямар мэдээлэл таны анхаарлыг татсан бэ?
-Би Монголд анх удаа ирж байна. Ирэхээсээ өмнө ямар ч төсөөлөлгүй байсан. Шахуу хөтөлбөртэй болохоор үзэж, харсан зүйл ч бага байна. Өнөөдөр “Венийн үдэш”-ээ хийчихээд маргаашнаас хөдөө явах төлөвлөгөөтэй байгаа. Их залуу иргэдтэй, залуу улс юм. Тийм болохоор ирээдүйд өндөр хөгжих боломжтой байх аа.
-Та дэлхийн олон оронд аялан тоглож байснаас гадна сүүлийн жилүүдэд Венийн вальсаа сурталчилж яваа гэсэн. Таны сэтгэлд тод дурсамж үлдээсэн нь ямар улс байдаг вэ?
-Олон оронд очиж, тоглож, бас Венийн вальсаа сурталчилж байна. Тэр дундаа АНУ, Голланд, БНХАУ-д жил бүр очдог болохоор илүү олон дурсамжтай юм байна.
-Улс, үндэстэн болгонд ардын бүжиг бий. Түүнээс гадна төрөл бүрийн нийтийн бүжиг түгсэн байх нь ч бий. Тухайлбал, Монголд “Задгай цагаан”, “Хүмүүн төрөлхтөн” зэрэг ардын хөгжмийн аялгуутай зохицсон бүжиг байдаг. Иймэрхүү өөр оронд түгсэн нийтийн бүжгээс санаа авч вальст өөр хөдөлгөөн нэмэх боломж байдаг уу. Эсвэл тогтсон хэв маяг нь тэр чигтээ хадгалагдах ёстой гэж үздэг үү?
-Венийн вальсын хөгжимд ямар нэгэн шинэчлэл хийх боломжгүй. Учир нь Йохан Штраус болон Австрийн бусад алдартай хөгжмийн зохиолчдын бүтээл л Венийн вальсын илэрхийлэл болдог юм. Хөдөлгөөнд нь өөрчлөлт оруулах боломж бий. Угаасаа Венийн вальс хөгжилтэй бас сэтгэлээсээ хийдэг онцгой бүжиг шүү дээ.
-Вальсыг энгийн хүмүүс ч хийж чаддаг. Тэгэхээр мэргэжлийн төвшний ялгаа гэж бараг гарахгүй юу?
-Венийн вальст тийм ч их мэргэжлийн хөдөлгөөн байхгүй. Нийтээрээ бүжиглэж болдог учраас ийнхүү алдаршиж, түгсэн хэрэг. Би өмнө нь балетын жүжигчин байсан л даа. Балет бол нэлээд онцгой шүү дээ. Бүжиглэхээ больсноос хойш л Венийн вальсыг сурталчилж явна даа.
-Австрид Венийн вальсын алдартай цэнгүүн жил бүр болдог. Монголчууд ч бас хоёр дахь жилдээ ийм арга хэмжээ зохион байгуулж байна. Өөр ямар улсад задгай талбайн вальсын цэнгүүн болдог вэ?
-Австрид жил болгон Шинэ жилийн баярын өмнөхөн задгай талбайд вальсын үдэшлэг хийдэг. Мөн АНУ-ын Флорида мужид Венийн вальсын цэнгүүн болдог юм.
-Ардын цэнгүүнээс ордны бүжиг болсон вальс хээнцэр, дэгжин хувцаслалтаар бүжигчнээ тодруулдаг. Одоо ч гэсэн ордны бүжгийн тэр хэв маяг хадгалагдсаар байдаг уу. Жирийн иргэд нь ч гэсэн тийм үдэшлэгт гоёж ирдэг үү?
-Цэнгүүнд ирж байгаа зочид хүндэтгэлтэй хандаж, бүсгүйчүүд урт гоёмсог даашинз, эрчүүд хослол өмсдөг. Венад вальсын улирал гэж бий. Нэг, хоёрдугаар сар дамнан вальсын улирал үргэлжилж, заримдаа гуравдугаар сар хүргэх нь ч бий. Ийм үеэр өдөрт 300 орчим вальсын цэнгүүн, арга хэмжээ болдог.
-Таны хамгийн сайн хамтран бүжиглэгч хэн бэ. Мэргэжлийн бүжигчинтэй хослон бүжиглэхээс гэр бүлийнхээ хүнтэй хамтрах нь ялгаатай байдаг уу. Та дээр вальс бол сэтгэлийн бүжиг гэж хэлсэн шүү дээ.
-Миний хамгийн шилдэг хамтрагч бол эхнэр маань. Бид 40 жил хамт амьдарч байна. Өмнө нь олон шилдэг бүжигчинтэй хамт бүжиглэж байсан ч намайг эхнэрээс минь илүү ойлгож, мэдэрч, сэтгэлээсээ бүжиглэсэн хүн байгаагүй ээ.
-Балетын жүжигчин байсан учраас вальс танд огтхон ч хэцүү санагддаггүй байх. Гэхдээ бусад хүнд вальс заахад ихэвчлэн ямар хөдөлгөөн хийж чадахгүй байдаг вэ?
-Тийм ээ. Би алхам буюу хөлний хөдөлгөөнийг илүү сайн эзэмшсэн гэж боддог юм. Бас балетын олон хөдөлгөөнийг ашиглан, вальс хийж, дэглэж байлаа. Харин хүмүүс алхмаа хурдан сурдаг ч эргэлдэхдээ алдаа гаргадаг. Тогтмол нэгэн жигд хэмнэлээр эргэлдэж байхын тулд биеэ сайн хянах учиртай. Толгой нь эргээд унаж ч мэднэ шүү дээ.
-Балетын жүжигчид тэнгэрээс, модерн бүжигчид газраас энерги авдаг. Харин вальсын эрч хүч хаанаас бий болдог юм бол?
-Дээрээс бас дороос. Балет үсрэлт ихтэй, дээшээ тэмүүлэлтэй учраас тэгж хэлдэг шүү дээ. Вальс газартай нягт холбоотойгоор уусан эргэлддэг болохоор дороос гэж хэлсэн ч болох юм байна.
-Таны сурталчлахыг хүсэж, зорьж яваа бүжигт дахин нэг улс хүндэтгэл үзүүлж, хотын хэмжээний том арга хэмжээ зохион байгуулж байгаа болохоор та сэтгэл хангалуун байгаа байх. Өнөөдрийн тоглолт, цэнгүүнд тань амжилт хүсье.
-Баярлалаа. Хоёр улсын маш том соёлын солилцоо боллоо. Хаа холын Австрийн соёл Монгол хөрсөнд бууж байна шүү дээ. Цэнгүүн сайхан болно гэж найдаж байна. Дараа нь би энэ арга хэмжээнд оролцсон олон хүний инээмсэглэсэн царайг харахыг хүсэж байна. Ийм үйл ажиллагаа зохион байгуулсан Улаанбаатар хотын захирагч, ДБЭТ-ын захирал, нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга болон зохион байгуулах багийнханд талархал илэрхийлье.
Ж.СОЛОНГО