“Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол” төслийн сургалт Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд болов. Уг сургалтаар тус МСҮТ-д Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн хүрээнд дөрвөн өдрийн турш зохион байгуулж “Хуурай хийц угсралт”-ын 80 цагийн сургалтыг төслийн мэргэжилтэн Д. Давааням удирдаж явууллаа.
Мөн Дархан МСҮТ, “Дархан Өргөө” ПТК-ийн барилгын мэргэжлийн 10 багш хамрагдаж ажлын байрандаа мэдлэг ур чадвараа дээшлүүлснээс гадна дадлагын хичээлийг ХБНГУ-д үйлдвэрлэсэн материал, хэрэгсэл ашиглаж МСҮТ-ийн шинэчлэн байгуулж буй “Засал чимэглэлийн дадлага”-ын газарт хана угсарч, үр бүтээлтэй явуулж дууслаа. Энэ үеэр сургалтын байгууллагуудын нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Дархан Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн Дамжуулах болон Хангах албаны ажилчдад “Плазма таслагч”-ийн сургалтыг тус нийгэмлэгийн Хөгжлийн зөвлөх Штефан Франк, орчуулагч Б.Солонго нарын зохион байгуулсан 10 цагийн сургалтаар ажилчид ажлын байрандаа хэрэгцээтэй мэдлэг, ур чадвар эзэмшиж сонирхолтой зүсвэрүүдийг хийж гүйцэтгэлээ.
Түүнчлэн уг төслийн үндсэн чиглэлийн дагуу “Ажил мэргэжлийн чиг баримжаа” олгох анхан шатны сургалтад Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дорнод, Орхон, Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Боловсрол соёлын газар, “Залуучууд хөгжлийн төв”-ийн нийгмийн асуудал хариуцсан 20 хүнийг хамруулж хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн ажил мэргэжлийн зөвлөх, сургагч багш А.Амарзаяа, Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажил мэргэжлийн зөвлөгөө хариуцсан мэргэжилтэн Ц.Нармандах нар батлагдсан хөтөлбөрөөр сургалт явуулж, төгсөгчдөд гэрчилгээ гардууллаа.