Хүүхэд наснаасаа л найзалж байсан дөрвөн охин хамтлаг байгуулж “Honey moon” нэртэйгээр тайзнаа гарч ирсэн цаг саяхан.Энэ жил “Honey moon” хамтлагийн таван жилийн ой тохиож байна. Ойн босгон дээрээ анхны бие даасан цомгоо “Honey moon” нэртэйгээр гаргаж, өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа.
Цомогт поп, каунтри, dance ургалуудаар туурвисан 12 уран бүтээл багтсан байна. Үүнээс “I love my luv”, “Хаа хүрэх гэж”, “Дурлалын сезон” “DR Love” “Хүндэт аав, ээждээ” ”I just party”, “Хар дарсан зүүд” зэрэг сонсогчдын хүртээл болсон хит дуунуудаас гадна, хамтлагын дууг илүү шинэлэг түвшинд илэрхийлэх таван шинэхэн бүтээл багтсан байна.
Продюсергүй, цэвэр хөдөлмөрөөрөө гарч ирсэн тус хамтлагын дуунуудыг хөгжмийн продюссер Ганг, Аранза, Оки, Байдраг, Ариука, Нацагаа нарын уран бүтээлч зохиож,дуу бичлэгийн ажлыг “Namuun”, ‘Ocean Grey’, ‘New star’ зэрэг студи хариуцсан аж.
“Honey moon” хамтлагийн ахлагч Б.Солонго “Манай хамтлагт сүүлийн үед гарч ирээд байгаа олон охидын хамтлагаас онцлог давуу тал байгаа. Энэ нь анх өөрсдийн боломж бололцоонд тулгуурлаж, цэвэр хөдөлмөрөөрөө гарч ирсэнд оршино. Мөн цомгийн дуунууд хайр дурлал, хүсэл тэмүүлэл, залуусын тухай сэдвийг чухалчилсан бөгөөд хамгийн чухал нь хайрыг олон талаас нь мэдэрч, аялгуулан шүлэглэж, дуулж болдог гэдгийг харуулахыг зорьсон” гэж ярилаа.
Мөн тус хамтлагийн хуучин гишүүн Урангоо хувийн амьдралаа зохиож, сургуульд суралцахаар хамтлагаасаа гарсан гэдгийг хэллээ. Харин шинээр орсон гишүүн С.Золжаргал шалгаруулалтад тэнцэн энэхүү хамтлагт орсондоо баяртай байгаагаа хэллээ. Тэрээр цомгийн дөрвөн дуунд оролцоод байгаа аж.
Хүүхэд насны гэгээхэн нөхөрлөл, хүсэл мөрөөдөл, урлагт хайртай чин сэтгэлээр тус хамтлагийн охид нэгдсэн бөгөөд одоогийн байдлаар 21 дуу 12 клип хийгээд байгаа аж. Харин хамтлагийн нэрээр хайртай хосуудын хамгийн аз жаргалтай мөч болох “бал сар”-ыг бэлгэджээ.
М.Болор