“Пи Эм Ай Блю скай цамхагт 2015 оны зургаадугаар сарын 5-6-нд “Ирээдүйн чадавхийг бий болгох нь” олон улсын бага хурал зохион байгуулна.
"Чаптер”олон улсын төслийн удирдлагын албан ёсны эрх бүхий төлөөлөгч байгууллагаас тус хурал семинар, сургалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулахаар болжээ. Монголд болон дэлхийн түвшинд амжилттай төсөл хэрэгжүүлсэн 12 илтгэгчээс менежментийн туршлага сонсох болон төслүүдтэй танилцах юм.
Төслийн удирдлагын олон улсын институт (Project Management Institute (PMI)) нь төслийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр удирдлага, зохион байгуулалтын мэдлэг, туршлагыг түгээх, чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааг дэлхийн 190 орны 700 мянга гаруй гишүүд, 270 салбар байгууллагаар дамжуулан хэрэгжүүлдэг мэргэжлийн, сайн дурын байгууллага юм.
Тус байгууллагын Монгол Улс дахь албан ёсны салбар “Пи Эм Ай Монголиа” (PMI Mongolia Chapter) нь 2014 онд байгуулагджээ. Үйл ажиллагаа нь дотоодод олон улсад мөрдөгдөж буй төслийн удирдлагын стандартыг нэвтрүүлэх, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшлийн батламж олгох юм. Мөн гишүүддээ мэргэжлээрээ өсч дэвжихэд нь дэмжлэг үзүүлэн цаашид дэлхийн хөдөлмөрийн зах зээлд үнэлэгдэх боломжийг бүрдүүлэхэд чиглэгджээ.