“Уай Эм Си Эй” олон улсын залуучуудын холбооноос “Залуучуудын цогц хөгжлийн төлөө ГООЛ хийцгээе” уриатай 119 оронд нэгэн цагт, нэгэн зэрэг хөлбөмбөгийн торгуулийн цохилт хийж, нийт тоогоор Гиннесийн рекорд тогтоох арга хэмжээг Монголд анх удаа зохион байгуулах гэж байгаа аж.
Энэ талаар “Уай Эм Си Эй” олон улсын залуучуудын холбооны ерөнхийлөгч Г.Жавхлантөгсөөс тодрууллаа.
-Юуны өмнө холбооныхоо үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?
- “Уай Эм Си Эй” олон улсын байгууллага нь дэлхийн 119 оронд салбартай бөгөөд 171 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй юм. Анх 2013 онд манай улс гишүүнээр элсэж, залуучуудын хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлж байна. Тодруулбал, залуус манай холбооны гишүүн болсноор бие бялдар болон оюун санаагаа хөгжүүлж, англи хэлний клубд явах, хамтдаа мод тарих гэх мэтчилэх олон арга хэмжээнд оролцож болно. “Уай Эм Си Эй” Монгол дахь холбооны арав гаруй залуус бусад орны залуусаас туршлага судалж, бүс нутгийн чуулга уулзалтад амжилттай оролцоод ирсэн юм.
-Зургаадугаар сарын 6-нд зохион байгуулах гэж буй арга хэмжээний тухайд?
-Жил бүрийн зургаадугаар сарын 6-нд манай хобооны ойн арга хэмжээ зохион байгуулагддаг юм. 2012 онд дэлхийн 85 орны залуус сагсанбөмбөгийн спортын шидэлтүүдийг нэгэн зэрэг хийж энэхүү үйл ажиллагаанд нэгдэж байсан бол энэ жил 119 оронд нэгэн цагт, нэгэн зэрэг хөлбөмбөгийн торгуулийн цохилт хийж, нийт тоогоор Гиннесийн рекорд тогтоох арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
-Хаана болох вэ?
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд 18 цагаас 22 цагт болох юм. Геннисийн рекорд тогтоохоос гадна урлаг спортын олон арга хэмжээг зохион байгуулна. Мөн автомашингүй өдөр учраас тэр чигтээ залуусын хөгжлийн өдөр байх болов уу. Тиймээс залуусыг хүрэлцэн ирэхийг уриалж байна.