Ихэвчлэн дунд эргэм насны хүмүүс нийтийн бүжгийн анхдугаар уралдаанд өрсөлдөхөөр “Ритм” бүжгийн клубт цуглажээ. Тэдний дунд 70 гаруй настай ахмад ч байсан юм. Тэнд ирсэн хүмүүс бүгд гоёлын даашинз, хослолоор гангарсан байв. Учир нь цагаан даавуу дэвссэн шалтай бүжгийн клубт орохын тулд хүн бүр гутлаа солих хэрэгтэй, эмэгтэйчүүд нь даашинзгүй, эрчүүд нь хослолгүй бол түүнтэй хэн ч бүжиглэдэггүй, тийм хүнийг оруулдаг ч үгүй гэнэ. Монголын нийтийн бүжгийн холбооноос “Хаврын баяр 2015” улсын аварга шалгаруулах уралдааныг иргэдийн эрүүл мэнд, хувийн соёл, урлагийн болон гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэх, нийтийн бүжгийг спорт болгон хөгжүүлэх зорилгоор анх удаа зохион байгуулж байгаа юм.
Уралдаанд “Эрхэмсэг”, “Ритм”, “Элит”, Орхон аймгийн “Дөл”, “Улаанбаатар төмөр зам”-ын “Ган эгшиглэн” болон “Ахмадын чөлөөт холбоо”-ны зэрэг хот, хөдөөгийн 12 баг оролцож байна. Нийт 16 төрлийн бүжгээр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулах уг уралдаан өнөөдөр дүнгээ гаргана. Уралдааны зохион байгуулагч, Монголын нийтийн бүжгийн холбооны тэргүүн, соёлын тэргүүний ажилтан, гавьяат дасгалжуулагч Б.Жияандорж “Манай бүжигчид бүх вальс, полька зэрэг олон улс, үндэстний бүжгээс гадна ёохор, задгай цагаан, хүмүүн төрөлхтөн зэрэг 24 төрлийн бүжиг хийж чаддагаараа гайхагддаг юм.
Социализмын үед заавал сурах ёстой 10 бүжиг гэж байлаа. Албаны бүх төрлийн үйл ажиллагааны дараа нийтийн бүжиг болдог байсан. Гэтэл ардчиллаас хойш бүжгэнд явдаг хүнийг хийх ажилгүй, эсрэг хүйстнээ хайсан, зугаа цэнгэлд дуртай, эсвэл хөгшчүүлийн хийдэг зүйл гэж боддог болсон. 2008 онд Монголын нийтийн бүжгийн холбоо байгуулж, түүнийг сурталчлан таниулах ажил явуулснаар иргэд бүжгэнд ирэх нь олширч байгаа. Одоо нийслэлд бүжгийн 16 клуб үйл ажиллагаа явуулж байна. Ажлын өдрүүдэд хоёр, амралтын өдөр гурван удаа болдог бүжгэнд ирж байгаа хүмүүс хөнгөн хоол идэж, хувцсаа тааруулж өмсөхөөс эхлээд бие биедээ хүндэтгэлтэй хандаж эртнээс биеэ бэлддэг юм.
Одоогийн байдлаар ихэвчлэн 45-аас дээш насны хүмүүс ирж байна. Цаашдаа нийтийн бүжгийг хүүхэд, залууст сурталчилж нийтийн спорт болгон хөгжүүлэх зорилготой ажиллаж байгаа. Ямар ч хүн хоёр цаг бүжиглэхэд 15-16 км гүйсэнтэй тэнцэхүйц энерги зарцуулдаг. Тиймээс нийтийн бүжиг бол урлаг, бас спорт юм” гэв. Өнөөдөр улсын аварга бүжгийн хамтлаг болон шилдэг бүжигчин хосыг шалгаруулж шагналаа гардуулах аж. Дараа нь 19.00 цагт “Бүжгийн гайхамшиг” нийтийн бүжгийн цэнгүүн болох юм байна.
Х.АЗЖАРГАЛ