Химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн Ирвин Роуз мягмар гарагт 89 насандаа Америкийн Массачусетс муж улсын Дирфилт хотод таалал төгссөн тухай түүний хүү Ховард сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Америкийн эрдэмтэн Ирвин Роуз сүүлийн жилүүдэд амьдарч байсан, хүү Фредерикагийнхаа гэрт унтаж байхдаа нас нөгчжээ.
Роуз химийн салбарт Нобелийн шагналыг 2004 онд хүртсэн байна. Тэрбээр энэ шагналыг эсийн хамгаалах үйл ажиллагааг, мөн эд эсүүд уургийг хэрхэн боловсруулж, тодорхойлдог болохыг хамтран судалсан мэргэжил нэгт хоёр эрдэмтний хамт хүртжээ. Тэдний хийсэн шинжлэх ухааны судалгааны үр дүнгийн ачаар хорт хавдартай тэмцэхэд тусалдаг хэд хэдэн эм гарган авсан байна.
Роуз Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт 1926 онд мэндэлжээ. Алдар нэрийг авчирсан судалгаагаа тэрбээр Пенсильвани муж улсын Филадельфи хотын хорт хавдартай тэмцэх төвд 1970-аад оны сүүлээс 1980-аад оны эх хүртэл хийсэн байна.