Ардын жүжигчин балетмейстр Б.Жамъяндагвын дэглэж, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Чулууны удирдсан “Хунт нуур”-ыг 1975 оны зургадугаар сарын 28-нд ДБЭТ-т тавьсанаар монголчууд анх эл гайхамшигт бүжгэн жүжигтэй танилцаж байжээ. П.И.Чайковскийн 1875 онд буюу 140 жилийн тэртээ бичсэн бүжгэн жүжгийн Одетта, Одиллиягийн дүрд ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрд гавьяат жүжигчин Э.Оюунбат, алиа салбадайн дүрд ардын жүжигчин О.Ганбаатар нар тоглосон байдаг.
Тэгвэл монголын тайзнаа 40 жил тоглосон “Хунт нуур”-ын ойг энэ сарын 27-28-нд тэмдэглэх гэж байна. Ойн тусгай тоглолтонд ДБЭТ-ын шилдэг балетын гоцлоочид, жүжигчид оролцон тоглоно.