Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг алдарт хуурч Г.Жамъянгийн нэрэмжит Мэргэжлийн морин хуурчдын олон улсын дөрөвдүгээр уралдааны бүртгэл эхэлжээ. Зургадугаар сарын 10 хүртэл уралдаанд оролцох хуурчдаа бүртгэхээр зар тараасан ч олон улсын арга хэмжээнд оролцож байгаа хөгжимчид болон гадаадын уран бүтээлчдийн материал ирж амжаагүй учраас бүртгэлийн хугацааг сунгах төлөвтэй байгаа аж. Дөрвөн жилд нэг удаа болдог эл уралдааныг Монголын морин хуурын төв, “Икэл” сангийнхан анх санаачлан зохион байгуулж байсан бол өдгөө уралдааныг Нийслэлийн соёл урлагийн газрынхан хариуцан хийх юм байна.
Уралдаанд оролцох хүсэлтэй морин хуурчид 9х12 хэмжээний өнгөт зураг, 3х4 хэмжээний цээж зураг болон товч танилцуулга, бүртгэлийн хураамжийн хамт Нийслэлийн соёлын урлагийн газарт очиж бүртгүүлэх боломжтой аж.
Мэргэжлийн морин хуурчдын олон улсын анхдугаар уралдаанд ҮДБЭЧ-ын хөгжимчин Б.Тогтохжаргал түрүүлж байсан бол хоёр, гуравдугаар уралдаанд Монголын Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт, морин хуурч П.Тэмүүжин түрүүлжээ.