ХБНГУ-ын Шлезвиг-Гольштейн мужид зохион байгуулдаг “Nord Art-International Art Exhibition” үзэсгэлэн энэ сарын 06-нд болно.
17 дахь жилдээ болж буй тус үзэсгэлэнд Монголын 34 уран бүтээлч 100 гаруй бүтээл дэлгэх бөгөөд нээлтэд УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон бусад албаны хүмүүс оролцох аж. Энэ удаагийн Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэнг БСШУ-ны сайдын ивээл дор нээх бөгөөд зохион байгуулагчдын зүгээс Монгол Улсыг “Онцлох Орон”-оор зарлахаа мэдэгдсэн байна. ХБНГУ-ын Бюделсдорф хотноо болох эл үзэсгэлэнд 99 орны 2932 уран бүтээлч оролцох хүсэлт гаргаснаас нийт 50 гаруй орны 250 уран бүтээлч шалгарчээ. “Nord Art” үзэсгэлэн Европын томоохон нэр хүндтэй дүрслэх урлагийн үзэсгэлэнд тооцогддог бөгөөд өнгөрсөн оны үзэсгэлэнг 70 мянга орчим үзэгч үзжээ.
Дашрамд дурдахад “Nord Art-2015” Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн ирэх 10 дугаар сарын 4-нийг хүртэл үргэлжлэх ажээ.