“Ээж нь охиндоо нар, дэлхийгээс том хайртай” гэхээр “Би тэгвэл танд манжингаас том хайртай” гэж хэлээд элэг авдаг юм, миний охин. Аав, ээж нь туулай жилтэй болохоор өвөө нь “Хоёр туулайнаас “төрсөн” Бүжин гэж нэрлэнэ” гэж хэсэг зүтгэсэн. Харин бид охиноо нэр шигээ амар амгалан, А үсэг шиг юм бүхний эхэнд байгаасай гэсэндээ Анир гэж нэрлэсэн юм. Гэхдээ насан өндөр өвөөгийнх нь хүслийг биелүүлж, Бүжин гэж өхөөрддөг. Бүжинхэн маханд нугасгүй.
Ямар сайндаа л цэцэрлэгийн багш нь “Анир өөрийнхөө хоолны махыг түүж идчихээд хажууд нь сууж байсан Энхжингийнхийг бас идчихсэн” гэж хэлээд нүүрийг минь “түлсэн”. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 92 дугаар цэцэрлэгт явдаг Бүжинхэн ирэх намар ахлах бүлэгт орно. Дуулж, шүлэглэхдээ маруухан ч зурж, бичихдээ ангийнхныгаа дагуулахгүй “онц” сурлагатан. Нэрээ бичнэ, долоон эгшиг, нэлээд хэдэн гийгүүлэгч таньж, холбон уншиж чадна.
“Надад найман алим байна. Номио аниад нь тавыг өгвөл хэд үлдэх вэ” гэж асуухаар “Үгүй ээ, Номио аниад тийм олон алим өгөхгүй” гэж уйлсаар 10-ын дотор нэмж, хасаж сурсан. Анир “Миний happy birthday to you удахгүй болно. Тийм ээ, ээж ээ” гээд л төрсөн өдрөө хуруу даран хүлээж байгаа. Долдугаар сарын 7-нд төрсөн юм. Хэдийгээр таван нас хүрээгүй ч хэрсүү гэж жигтэйхэн. Үргэлж л ээжийгээ халамжилна, хайрлана.
Уржигдар орсон хүйтэн борооноор над руу залган “Ээж ээ, гадаа аймаар бороо орж байна. Та хаана байна. Болгоомжтой яваарай. Бороонд норов” гэж санаа тавьснаа, “Нөгөө хайрцагтай бохио мартав аа” гээд дуртай зүйлээ захиад амжсан.
О.УНДРАХ