Үггүйгээр ертөнцийн түмэн чанарыг илэрхийлж, хүмүүний гоо сайхныг магтан дуулдгаараа балет гайхалтай. Тэвчээр, ур чадвар, хөдөлмөр, биеийн гоо үзэсгэлэн гээд олон зүйлийг бүжигчнээс шаарддаг энэ хатуу урлагаар зориглон хичээллэдэг, том мөрөөдөлтэй, ирээдүйн алдартныг “Дебют” буландаа онцолж байна. Хөгжим бүжгийн коллежийн Сонгодог бүжгийн 12в ангийн сурагч Ч.Дүүрэнжаргалтай ярилцлаа.
-Гэрийнхэн нь балетчин болгохоор шийдсэн үү, эсвэл өөрөө дуртай байв уу?
-Багадаа телевизээр балет үзээд суучихдаг байсныг ээж ажиглаж, Хөгжим бүжгийн коллежид шалгуулсан. Ээж минь манай сургуулийн тооны багш. Өнгөцхөн харахад балетын урлаг амархан, гоё хэрнээ хичээллэхэд үнэхээр хэцүү. Бүжиглэхийн зэрэгцээ жүжгээ мэдэрч илэрхийлнэ гэдэг амаргүй. Гэхдээ хөдөлмөрлөсний эцэст үр дүнг нь гаргана гэдэг сайхан.
-Балетчин ямар байх ёстой гэж боддог вэ?
-Балет чамин тансаг, тайзны урлаг. Тиймээс биеэ зөв авч явдаг, дотроосоо гэрэлтдэг байх хэрэгтэй. Зохиол, дүрийнхээ утга санааг дотроосоо илэрхийлж байж үзэгчдэд хүргэнэ шүү дээ.
-Ямар амжилт гаргаж байснаа хуваалцаач?
-Хамгийн анх “Шелкунчик”-ийн Машад тоглосон. Аравдугаар ангидаа Шопенианад тоглосноос хойш “Пахита”, “Үнсгэлжин”, “Кармен”, “Дон Кихот” зэрэг олон балетын гол дүрд бүжиглэлээ. ДБЭТ-т 2013 оноос гэрээгээр ажиллаж байна. Өнгөрсөн жил сургуулийнхаа шилдэг сурагч болсон. Бас 2013 онд “Колорадо баллет”-ын 100 хувийн тэтгэлэгт хамрагдаж Америкт, олон мужийн театрын гоцлол бүжигчдээр хичээл заалгасан. Бид орос дэгээр суралцдаг. Америк хүүхдүүд намайг юу гэж бодож байгаа бол гэдэгт санаа зоволгүй, өөрийнхөөрөө чөлөөтэй байдаг зангаас би суралцсан.
-Орост бүжгийн наадамд оролцож байсан гэсэн үү?
-Тийм ээ, Улаан-Үдэд Оросын хотуудаас урилгаар ирсэн хүүхдүүдтэй хамт нэгэн наадамд оролцож, “Шопениана”-гийн долдугаар вальсийг бүжиглэсэн. Сургуулийнхаа Бүжгийн тэнхимийн эрхлэгч Оюун, Энхтуяа багш, найз Санчиртайгаа хамт явж, үеийнхнээсээ туршлага солилцсон.
-Тэр үед мэргэжлийн багш нараас ямар зөвлөгөө, шүүмж сонссон бэ?
-Тэр наадамд оролцохдоо мэргэжлийн нэгдүгээр ангид байсан юм. “Бусад хүүхдийг Санчир бид хоёрын түвшинд хүрэхгүй байна. Мэргэжлийн хичээл дөнгөж нэг жил заалгасан хэрнээ ийм сайн тоглолт үзүүллээ” гэж магтсан.
-Хэнээс үлгэр дуурайл авдаг вэ?
-ХБК олон чадварлаг багштай. Тэд бидний амжилтын төлөө, сайн уран бүтээлч төрүүлэх гэж хичээж хөдөлмөрлөдөгт баярладгаа танаа сониноор дамжуулан хэлье. Энхтуяа багш мэргэжлийн хичээл заахаас гадна бидний ёс суртахуун зан төлөвт анхаарч, зөв хүн болгож хүмүүжүүлдэг. Тухайлбал, багш, үйлчлэгч гэж ялгалгүй харьц гэдэг. Их хүнлэг, шударга багш. ДБЭТ-ын гоцлол бүжигчин, гавьяат жүжигчин Ганчимэг болон Саруул зэрэг олон мундаг шавьтай. ДБЭТ-т бүжиглэхэд тэд хойч үеийнхэндээ тусалъя, хөгжүүлье гэсэн сэтгэлээр ханддаг нь багшийн минь олгосон хүмүүжлийн үр шим байх.
-Таны мөрөөдөл юу вэ?
-Дэлхийд алдартай олон бүжгэн жүжигт тогломоор байна. Энэ бол эмэгтэй гоцлол бүжигчдийн хүрэх ёстой оргил. Зорилгодоо хүрэхийн тулд үр дүнтэй суралцаж, мэдлэг хуримтлуулахыг хичээсэн. Багшийнхаа зааж өгснийг, хүч хөдөлмөрийг талаар болголгүй үр дүнг нь гаргаж, ДБЭТ-т гоцлол бүжигчнээр ажиллаж байгаад гадаадын театрт бүжиглэж, ээж, багшийнхаа итгэлийг алдалгүй, ачийг нь хариулмаар байна.
-Таны бодлоор ээжийнхээ ачийг хариулахын тулд юу хийх ёстой вэ?
-Ээждээ үнэтэй, хүссэн зүйлийг нь авч өгч баярлуулахыг ачийг нь хариулж байна гэж зарим хүүхэд ойлгодог. Би л өөрөө амжилттай сайн явж байвал ээж болон багш минь баярлана. Гэхдээ би тэдэндээ маш их өртэй хүн.
Б.ТАЙВАН