Х.Андерсенд 1842 онд “Нугасны муухай дэгдээхэй” зохиолын санаа төржээ. Данийн зохиолч Брегентведэд байгалийн үзэсгэлэнг бахдан суухдаа эл зохиолыг бичихээр шийдсэн бөгөөд анх “Хунгийн дэгдээхэй” гэдэг нэр өгөхөөр төлөвлөж байсан гэдэг. 1843 оны арваннэгдүгээр сард худалдаанд гарсан “Шинэ богино үлгэрүүд” номонд “Нугасны муухай дэгдээхэй” үлгэр багтсанаар анх уншигчдын хүртээл болж байжээ.
Бялуу шиг борлогдсон номонд багтсан уг үлгэрийн талаар Британийн сэтгүүлч Анне Чишольм “Андерсен өөрийгөө багадаа том хамар, хөлтэй өндөр хүү байсан хэмээдэг. Тиймдээ ч үеийнхэн нь түүнийг байнга шоолж, шоглодог байсан аж. Хожим нь театрт хайртай, сайхан хоолойтой бахархмаар залуу болсон юм. Тэгэхээр энэ үлгэр түүний амьдралаас үүдэлтэй” хэмээсэн байдаг. 170 гаруй жилийн өмнөөс хүүхэд багачуудыг байлдан дагуулсан үлгэрийг таягт хүүхэлдэйн жүжиг хэлбэрээр Хүүхэлдэйн театрынхан 2009 онд тайзнаа анх тавьжээ.
Багачуудад гоо сайхан хэмээх харьцангуй ойлголт болон өөртөө итгэлтэй байхыг үлгэрлэн сургасан жүжгийг тус театрынхан баярын өдрүүдээр бяцхан үзэгчдэд толилуулна. Найруулагчаар Б.Сүхээ ажиллаж, хөгжмийн зохиолыг төрийн соёрхолт Б. Мөнхболд бичиж, Д.Байдраг хөгжмийг найруулсан жүжгийг өдөр бүр 14.00 цагт, Эх үрсийн баярын өдрөөр 12.00, 14.00 цагт Хүүхэлдэйн театрт, “Viva city” хороололд 16.00 цагт тоглоно.
О.УНДАРМАА