Монголын бурхан шашины төв буюу Гандантэгчэнлин хийд, бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд хамтран Бурхан багшийн Их дүйчин өдрийг ирэх сарын 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа юм.
Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны ажилтан Т.Одгарьдаас уг өдрийг тохиолдуулан ямар үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа талаар тодрууллаа.
-Бурхан багшийн Их дүйчин өдрийг хэзээнээс тэмдэглэх болов. Яагаад Их дүйчин хэмээн нэрлэдэг юм бол?
Бурхан багшийн их дүйчэн өдрийг 2500 жилийн тэртээгээс Ази тивийн улс орнууд тэмдэглэн ирсэн уламжлалтай. Түүнчлэн Бурханы шашины анхан дэлгэрэлт Хүннү гүрний үеээс тооцогддог юм билээ. Энэ үеээс Бурхан багшийн сургаал Монгол газарт дэлгэрсэн түүхтэй. Аль ч цаг үед энэхүү дүйчэн өдрийг чухалчилан тэмдэглэж ирсэн бөгөөд энэ өдөр хийсэн буян хязгааргүй ихээр арвиждаг хэмээн үздэг. Яагаад энэ өдрийг их дүйчэн хэмээн нэрлэж байгаа учир нь Бурхан Багшийн лагшин мэндэлсэн, Гэгээрлийн хутгийг олсон, Нас нөгчсөн гурван үйл явдал нэг өдөр давхцан тохиодогтой холбоотой. Дэлхийн улс орнууд Бурхан Багшийн их дүйчэн өдрийг өөр өөрийн ёс заншилтайгаа нийцүүлэн өргөн дэлгэр тэмдэглэж байна. Энэ өдөр нь "Төгс буянт"-ын зурхайн ёсоор Зуны эхэн сарын шинийн 15 нд жил бүр тохиодог юм.
-Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ жил ямар онцлогтой болох вэ?
-Урд жилийхтэй харьцуулах юм бол энэ удаа нэлээд өвөрмөц зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Тодруулбал, нийт гурав хоногийн хугацаанд зохион байгуулах бөгөөд тавдугаар сарын 31-нд ёслолын парадыг Чингисийн төв талбайгаас Төв Гандан хүртэл хийснээр эхэлнэ. Ерөнхийлөгчийн тамгын газар, НЗДТГ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, БГД гэх байгууллагууд бидэнтэй хамтарч энэхүү үйл ажиллагаанд оролцоно. Харин зургаадугаар сарын 1-ний үйл ажиллагааг Олон улсын эх үрсийн баярт зориулж тэмдэглэн өнгөрүүлэх юм. Мөн ГССҮТ-д хүүхдийн судас харагч аппаратыг хандивлах гэх мэтчилэн хүмүүнлэгийн олон ажил зохион байгуулж хүүхдүүдийг баярлуулахаар төлөвлөөд байна. Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зургаадугаар сарын 2-нд маань хөгжөөх, цагаан хоол идэх гээд улс даяар баярлаж өнгөрүүлэх юм.
- Монгол дахь гадаад иргэдийг энэхүү үйл ажиллагаанд татан оролцуулах уу?
-Уламжлалт урлаг соёл, зан заншлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал нөлөө үзүүлэх энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран ажиллаж байгаа бөгөөд гадаад иргэдэд улсын соёл түүхийг таниулах зорилготой байгаа юм. Мөн жуулчдын улирал ирж буйтай холбогдуулж олон арга хэмжээг Бурхан багшийн Их дүйчин өдрөөр зохион байгуулахаар төлөвлөөд бэлтгэл ажилдаа орсон. Уламжлалт болгон зохион байгуулдаг уг өдрийг цаашид монгол соёлыг дэлхийд түгээх уриан дор илүү өргөн хүрээтэй тэмдэглэн, жуулчдыг эх орондоо татах сонирхолтой байгаа билээ. Их дүйчин бдрийг тэмдэглэх нь зөвхөн шашин номын зан үйл, хүрээ хийдийнхний ажил биш бөгөөд үндэсний сэтгэл санааны ариусгал, гэгээгэрл эв нэгдлийн өдөр байж, уламжлал, шашин соёлын баяр болж өргөжин тэлэх чухал ач холбогдолтой өдөр юм. Тиймээс монголчуудыг энэхүү тэмдэглэлт баярт идэвхитэй оролцохыг хүсье.
Г.Оюун