“Рио-2016” зуны олимпийн наадмын үеэр хөгжөөн дэмжигчид нийтийн тээврийн хэрэгслүүдээр үнэ төлбөргүй зорчих боломжтой гэж зохион байгуулагчид нь хэлсэн байна.
Тухайлбал, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээн Рио-де-Жанейрогоос гадна Сальвадор, Белу-Оризонти, Манаус, Сан-Пауло болон Бразилиа гэсэн таван хотод болох ба тасалбартай хөгжөөн дэмжигчид тэмцээн болох цэнгэлдэх хүрээлэнгүүдийн хооронд автобус, галт тэрэг болон метрогоор үнэгүй зорчих ажээ.
Олимпийн тоглолтын тасалбар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс худалдаанд гарч эхэлсэн. Нийт 7.5 сая орчим ширхэг тасалбарыг борлуулахаар тооцоолж байгаа бөгөөд Лондоны Олимпийнхтой харьцуулахад тасалбарын үнэ хамаагүй хямд байна гэдгийг спорт сонирхогчид хэлж байна. Тасалбарын талаас илүү хувь нь 70 реал буюу 22 ам.доллараас доош үнэтэй байгаа аж. 7.5 сая ширхэг тасалбарын хамгийн хямд үнэтэй нь 40 реал буюу 12.50 ам.доллар ажээ.
Риогийн олимпийн наадмын сагсан бөмбөг, элсний гар бөмбөг болон гар бөмбөгийн аваргын төлөөх тоглолтуудын тасалбар хамгийн өндөр буюу 1.200 реалын үнэтэй байна.
Нээлтийн ёслолын тасалбар 4.600 хүртэлх реалын үнэтэй байх аж. Эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээн нь Риогийн олимпийн хамгийн эхний тэмцээн бөгөөд олимпийн нээлтээс хоёр хоногийн өмнө буюу наймдугаар сарын 3-нд эхэлнэ.