Хүмүүст орон нутгийн музейгээр зочлох боломж тэр бүр олддоггүй. Тэгвэл Дорноговь аймгийн Сайншанд хотын “Данзанравжаа” музейд цахимаар зочлох боломжтой болжээ. Тодруулбал, ravjaamuseum.mn хуудсаар дамжин музейг виртуалаар буюу 3D хэлбэрээр нь үзэж болох нь. Говийн ноён хутагт Данзанравжаа өөрийн урлаж бүтээсэн, цуглуулсан зүйлс, эцэг эх, ойр дотныхныхоо болон ноёд дээдсийн бэлэглэсэн эд агуурсыг багтаасан үзмэрийн сүм 1840-өөд онд байгуулжээ. Түүнийг 1856 онд жанч халснаас хойш занданшуулсан шарил, 1500 авдар соёлын үзмэрийг “Гиваадин Равжаалин” нэртэй эл байгууламжид залж, шарилын сүм гэх болжээ. Энэ үед эд агуурсыг нь хадгалах ажлыг түүний шавь Балчинчойжоод тохоосноор түүний үр хүүхдүүд тахилчийн ажлыг уламжлан хийх болжээ. 1938 онд Хамарын хийдийг устгахад лам Г.Түвдэн битүүмжилсэн сүмд нэвтэрч 64 авдар өв соёлын зүйлийг хээр нууж амжсан гэдэг. Хожим Данзанравжаагийн Музейг 1991 оны долдугаар сард сэргээж, 2008 онд музейн шинэ барилгыг ашиглалтад оруулжээ. Өдгөө түүний 400 гаруй яруу найргийн бүтээл, 100 орчим урт, богинын дуу, гүн ухааны нэг боть зохиол, жүжгийн 10 дэвтэр, зурсан зургууд байдгийн олонх нь уг музейд бий. Нэгдүгээр давхарт нь эцэг Дулдуйтын эдэлж хэрэглэж байсан зүйлс, “Хүүхдийн дацан” хэмээх сургуульийн ном, сурах бичиг, гар бичмэл зохиол, анагаах ухааны зан үйлийн бүтээлүүд, хоёрдугаар давхарт цамын баг, шашны үйлийн хувцас, багш ихсээс бэлэглэсэн шүтээн дурсгал, Ноён хутагтын эд агуурсыг дэлгэсэн байдаг.