Хүний амьдралд тохиолдож байгаа үйл явдал болгон учир шалтгаантай. Тэр ч бүү хэл та айлын хэд дэх хүүхэд болж, хэрхэн төлөвшсөнөөс шалтгаалж, ханиа сонгохдоо, гэр бүлийнхэндээ хандахдаа унаган зангаа гаргасаар байдаг.
Энэ талаар сүүлийн үед барууны сэтгэл судлаачид сонирхолтой таамаг дэвшүүлж, нотлох болжээ. Сэтгэл судлаач Л.Энхтүшиг хүүхдүүдийн зан төлөвийн ялгаа болон айлын ганцууд болон отгон хүүхэдтэй холбоотой сонирхолтой нэгэн мэдээллийг бидэнтэй хуваалцсан юм.
Уулын мод урттай, богинотой. Нэг гэр бүлд төрж, ижилхэн нөхцөлд өссөн хоёр хүүхэд зан ааш, харилцаагаараа бие биеэсээ ялгарах нь бий. Эцэг, эхчүүдийнх нь зан араншин болон хүмүүжлийн арга барил адилхан байхад яагаад ийм ялгаа гардаг юм бол хэмээн олон хүн сонирхдог. Энэ бол тухайн хүүхдийн өөрийнх нь онцлог билээ. Мөн айлын ууган эсвэл дунд, бага хүүхэд болж төрснөөс шалтгаалан харилцан адилгүй үүрэг, хариуцлага хүлээж, ухамсарласнаас ийм ялгаа гарах нь бий. Айлын ууган хүүхэд төрөхдөө л аав, ээж болон гэр бүлийнхнийхээ анхаарлын төвд орж, ганц “од” нь болж хувирдаг.
Түүний хаана, юу хийж яваа, юу идэж, ууж, авахыг хүсэж байгаад гэр бүлийнхэн нь анхаарч, түүнд найр тавьдаг. Энэ эрх дураараа байдал нь түүний дүү мэндэлсний дараа өөрчлөгдөх нь ойлгомжтой. Хоёр дахь хүүхэд ч бас онцлогтой. Тэдний хувьд бүх зүйл үргэлж бэлэн байдгаас шалтгаалан үүрэг хариуцлагын талдаа ууган хүүхдээс тааруу болдог. Мөн ууган хүүхэд дүү нараасаа илүү байх ёстой гэх хэмжүүрийн нөлөөгөөр хоёр дахь хүүхдүүд өөрийнхөө байр суурийг алдах байх гэсэн айдастай байдаг.
Тухайлбал, ах нарыгаа дийлэхийг хүсдэг ч олон жил гэрээсээ хол яваад буцаж ирэхэд нь түүний байр суурь хэвээр байгаад уурлаж, бухимдсан дүр төрхтэй дундчууд үлгэр домогт өгүүлэгдсэн нь олонтаа. Мөн түүний дараа дүү төрсөн байдаг учраас отгон хүүхэд илүү бөөцийлөгдсөнөөр, дунд хүүхдүүдэд гээгдсэн мэт сэтгэгдэл төрдөг байна. Үлгэр домог болон бодит амьдралд ч гэсэн отгон хүүхэд гэр бүлдээ чухал байр суурь эзэлдэг төдийгүй тухайн айлын хамгийн хурц, сэргэлэн зантай нь болж хувирдаг. Гэхдээ бусдаасаа биеэр арай илүү сул дорой байх нь бий. Ууган хүүхдүүдээс гол төлөв хуучинсаг үзэл баримтлал мэдрэгдэнэ. Байсан юм байрандаа, бүх зүйл хэвэндээ байх ёстой гэж үздэг тэд ийм арга замаар “би энд байна” гэдгээ илэрхийлэхийг хичээдэг.
Хоёр дахь хүүхэд өрсөлдөөнт чанараасаа үүдэн бий болсон илүү шинэчлэгч, тэргүүлэгч зангийнхаа нөлөөгөөр цаашид анги хамт олон, ажил хөдөлмөрт ч зохион байгуулагч чадвараа илт гаргадаг бөгөөд гудамжинд ч, гэрт ч хүмүүсийн өмнө орох, түргэн шаламгай хөдлөхийг хүснэ. Хоёр дахь хүүхэд (хэрэв айлын бага хүүхэд бол), отгон хүүхдүүд байгалийн ба шинжлэх ухааны хуулиудад илүү сонирхолтой, дээр нь хувьсгалч үзэл санаатай (улс төрийн биш) боловч илүү нөхөрсөг зан чанартай. Гэхдээ хоёр дахь хүүхдээс хойш дахин хүүхэд мэндэлсэн бол тэрбээр зан чанарын хувьд ууган хүүхэдтэй ижилхэн байх болно. Ихэнх отгон хүүхдүүд баян айлын эрх хүүхдийг санагдуулмаар байдаг. Тэд өрсөлдөх дуртай боловч ялагдсан ч, ялагдаагүй ч гэр бүлийнхнийхээ анхаарлын төвд, тэгээд бүх зүйл бэлэн хэвээрээ байх ёстой гэж үздэг. Түүний хөгжил ийн алгуур үргэлжилсээр байдаг бол ах, эгч нарынх нь хийж байгаа зүйл илүү их бас санаа зовох зүйл олонтой болдог. Хэрэв тухайн гэр бүлд шинжлэх ухааны эрдэмтэд байдаг бол айлын отгон хүүхэд урлаг, худалдаа наймааны салбарт ажиллах магадлал өндөр.
Харин аав, ээж нь арилжаа наймаа хийдэг бол түүнийг яруу найрагчийн карьер ч хүлээж байж магадгүй. Энэ зүй тогтлын учир нь отгон хүүхэд иймэрхүү аргаар бусдаас ялгарч, тодрохыг эрмэлздэгт оршино. Айлын ганц ба хэнз хүүхэд насаараа гэр бүлийнхээ анхаарлын төвд байсны уршгаар амьдрал нь логикгүй, хийж байгаа ажил, үйл хөдлөл бүр нь бусдын анхаарлыг татах, бишрүүлэхийн төлөө бүхнээ дайчилсан шинжтэй байдаг. Бидний амьдрал, дадал хэвшил, найз нөхөд, ханиа сонгох явц ч бас нарийн зүй тогтлын нөлөөлөлд байдаг. Ганцаардахыг хүсдэггүй, нийгмээс үзүүлэх дарамтаас зайлсхийж, хэрээс хэтэрсэн халамж эрэлхийлж байгаа бүсгүйчүүд ихэвчлэн айлын ганц эсвэл олон ах, эгч отгонууд байх нь бий. Тэд үргэлж нөмөр нөөлөгтэй эр хүнтэй гэрлэхийг хүсдэг бөгөөд өөрийнхөө дутууг дүүргэх гэсэн оролдлого нь энэ аж. Хатуугаар хэлбэл, ийм хүүхдүүд нийгэмшиж амжаагүй яваа бөгөөд дахин хэн нэгний халамжинд бөөцийлөгдөхийг зорьж буй нь энэ.
Бас тэд хүүхэдтэй болсон ч залуу хос байх үеийнх шигээ байхыг хүсэж, хүүхэдтэйгээ барьцаж, нөхрөө өөр хүнтэй уулзуулахыг хүсдэггүй бөгөөд үг, үйлдэл бүрийг нь хянах гэдэг нь хэнз эсвэл дураараа өссөн отгон хүүхдийн шинжийг нь тодруулдаг. Гэрийнхнийхээ анхаарлын төвд өссөн хүүхэд цаашид ч халамж ихээр хүсдэгийн адилаар амьдралынхаа турш өвчин эмгэг тоочиж, эмчид үзүүлдэг. Эмч түүнийг ирэх шаардлагагүй гэсэн ч удалгүй тэр ямар нэгэн өвчтэй гээд л яваад очно. Үгүй ядаж л, эмчийг хоолонд оруулах, бэлэг өгөх зэргээр насаараа холбоотой амьдардаг.
Жишээ нь, нэгэн эмч айлын ганц хүүхдэд эмчилгээ хийгээд бие нь дээрдсэн учраас дахиж уулзах шаардлагагүй гэж хэлж л дээ. Өвчтөн эмчдээ “Таны хийсэн бүхэнд талархлаа” гэж захидал илгээсэн ч эмч хариу захидал бичээгүй байна. Энэ үеэс эхэлж түүний өвчин бүр ч хүндэрч, бие нь муудсан тохиолдол бий. Хүүхэд үргэлж уралдаж, тэмцэлдэж ялах итгэл найдвараар дүүрэн байдаг. Энэ итгэл найдвар үгүй болвол бүхнийг алдана гэсэн үг. Ууган, дунд, отгон хүүхэд бүрийг өөрийн гэсэн бодгаль тавилан хүлээж буй. Хэнийх нь ялах итгэл найдвар дүүрэн байна тэр бусдынхаа зан араншин хийгээд амьдралыг нь тодорхойлдог хэмээн сэтгэл судлаачид сүүлийн үед дүгнээд буй аж.
С.СЭРГЭЛЭН