Буриадын дуурь бүжгийн театрт саяхан тоглосон “Тоска” дуурийн Тоскагийн дүрд дуулж, ДБЭТ, гавьяат цол, Банди багшийнхаа нэр хүнд гээд олон зүйлийг бататгаад ирсэн дуучин Ө.Уянга Буриадын ардын жүжигчин Н.Мөнхзултай хамтран тоглолт хийхээр болжээ. Энэ тухай түүнээс тодрууллаа.
-Энэ тоглолт юугаараа онцлог вэ?
-СУИС-д нэг үед хамт сурсан найзтайгаа “Бахархал” тоглолтоо энэ сарын 29-нд Соёлын төв өргөөнд хийнэ. Улсын филармонийн симфони найрал хөгжмийнхөн тоглож, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх гуай удирдана. Гурван хэсгээс бүрдэх тоглолтдоо Монгол болон Оросын алдартай бүтээлүүдээс дуулна.
-Яагаад “Бахархал” гэж нэрлэсэн бэ?
-Бид эх орон, аав ээж, сайхан бүхнээ магтаж, бахархаж дуулна. Хоёрдугаарт, СУИС-иас Буриадын ардын жүжигчин болон Монголын гавьяат жүжигчин болсон бахархалтай дуучид төрсөн гэдэг утгаар ийн нэрлэсэн.
-Хамтран тоглолтоо хийх санааг хэн гаргасан бэ. Ангийнхаа хүүгийн талаар бодлоо хуваалцана уу?
-Нэг ангиас төрсөн, уран бүтээлээ тууштай хийж буй дуучид учир хамтарч дуулъя гэж хоёул санаа нэгдсэн. Мөнхзул Буриадын дуурийн театрт 10 гаруй жил ажилласан, тэр нутгийнхны хайртай дуучдын нэг болсон сайн дуучин.
-Танай ангиас олны мэдэх дуучин хэр олон төрсөн бэ?
-Д.Хишигбаяр, Э.Оюумаа, Ч.Бат-Эрдэнэ, Д.Ариунбаатар, “Классик жем”-ийн Б.Мөнхбат, “Пароди” хамтлагийн Б.Булган-Эрдэнэ, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн гээд олон дуучин бий.
Б.ТАЙВАН