Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр-Урлалын политехник коллежийн багш Т.Отгонбаатар, Д.Ариунболд нар саяхан “Халуун тамга” нэртэй үзэсгэлэн “Бест арт” галерейд дэлгэсэн юм. Энэ нь төмрөөр урласан бүтээлээр дэлгэсэн Монголын хоёр дахь үзэсгэлэн аж. Уран бүтээлч Д.Ариунболдтой ярилцсанаа хүргэе.
-Яагаад уран бүтээлчийн, тэр дундаа төмрөөр бүтээл урлах замыг сонгосон бэ?
-Би 1991 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн хот чимэглэлийн ангийг Бат-Энх багшийн удирдлага дор төгссөн. Социализмын үед ханын сонин, лоозон, зурагт хуудас хийдэг мэргэжил байлаа, одоогийнхоор дизайны анги. Ардчилсан нийгэмтэй золгосноос хойш мэргэжлээрээ ажиллах боломжгүй болж, би ч наймаа хийж, аж ахуйн нэгж байгуулж ч үзсэн. Тэгтэл Бат-Энх багш манай хөршөөр нүүж ирэхдээ Үйлдвэр-Урлалын политехник коллежид багшлах санал тавьсан юм. Багш минь миний сэтгэлгээг хөгжүүлж, урлагт хайртай болгочихоод дараа нь эзэмшсэн мэргэжлээсээ хазайхад дахин энэ замд хөтөлснөөрөө миний амьдралд хоёр ч удаа үнэлж баршгүй тус хүргэсэн. Халуун төмрийн аргаар дагнасан бүтээлийн үзэсгэлэн тэр бүр гардаггүй. Дархчууд хэт хутга, дөрөө, тамга зэрэг хэрэглээ талын бүтээл хийдэг ч үзэсгэлэнд тусгайлан зориулж урладаггүй. Төмөр бол уран бүтээлчдийн дотоод сэтгэлээ илэрхийлэх материал төдий. Энэ хүйтэн материалаар аль болох уян зөөлнийг, хүний сэтгэлийн нарийн зүйлийг илэрхийлье гэж зорьж Т.Отгонбаатартай анхны хамтарсан үзэсгэлэнгээ гаргасан. Энэ бол эхлэл.
-Үзэсгэлэнгээ “Халуун тамга” хэмээн нэрлэсний учир юу вэ?
-Юун түрүүнд энэ үзэсгэлэнг хамтран гаргасан Т.Отгонбаатарын тухай ярихгүй байж болохгүй. СУИС-ийн монгол дархны ангийг Энхдаваа багшийн удирдлага дор төгссөн. Наймдугаар ангидаа танилцсан бид хамт багшлаад долоон жил болж байна. Хамтарсан үзэсгэлэн дэлгэхээр бүтээлийн сэдвүүдээ нэгтгэж, баяжуулж, голж шилсээр 20 гаруй санаа гаргасан. Материалын хатуулаг чанараас шалтгаалж бодсоноороо хийх боломжгүй болж, явцын дунд зохиомжийг нь өөрчилсөөр өнөө 20 гаруй санаа анхныхаа байдлаар бүтээл болсон нь цөөхөн. Үзэсгэлэнд тамга найм, орон зайн баримал 14 бий. Бид анхандаа адууны тамгыг уламжлалт хэлбэрээс нь эвдэж илэрхийлье гэж бодсон. Тухайлбал, лайк, Монгол Улсын газрын зураг, бас олон улсын зохиогчийн эрхийг хамгаалах копирайтын дүрстэй дардас хийсэн. Манай адууг хуулбарлахыг хориглоно гэсэн утгатай юм. Зөвхөн адууны тамгаар үзэсгэлэн дэлгэх явцуу гэж үзээд илэрхийллийн хувьд тэс өөр, контемпорари чиглэлийн баримлууд хийсэн юм.
-Төмөр шиг хүйтэн хүн, төмөр шиг бат бэх гэж ярьдаг. Та төмрийн мөн чанарыг юу гэж тодорхойлох вэ?
-Эрэгтэй хүнтэй зүйрлэж болох юм. Эмэгтэй хүнийг яагаад ч төмөртэй зүйрлэж боломгүй. Үзэсгэлэндээ тавьсан “Ноён нуруу” бүтээлдээ тулгуурлаад хэлье л дээ. Хүч чадалтай, мөнгөтэйг биш, итгэл даах хүнийг ноён нуруутай гэдэг. Тэр бүтээлээ 50 орчим жилийн настай хуучин төмрөөр хийсэн. Төмөр хатуу ч он цагийн уртад элэгдэнэ. Гэхдээ хүний чанар төмөртэй адил удаан хугацаанд итгэл даахаар байвал сайхан гэж боддог.
-50 жилийн настай гэснээс төмөр сонгоход учир бий юү?
-Хуучны орос төмөр гарын ая даадаг. Хятад төмөр амархан задарчихдаг. Түүхий эдийн цэгт хорхой хүргэмээр сайхан төмөр таардаг ч заримыг нь худалдан авч дийлдэггүй. Гэхдээ сэтгэлд таарвал хэчнээн үнэтэй байсан ч авахаас өөр аргагүй.
-Уян зөөлнийг төмрөөр илэрхийлэхэд хэр тохиромжтой вэ?
-Төмрөөр юуг ч илэрхийлж болно. Халуун төмрөө шахан олон нугалбар үүсгэж зүсээд харахад яах аргагүй уян зөөлөн бодол, сэтгэл хөдөлгөмөөр мэдрэмж төрдөг.
-Таны урладаг арга цутгуур, хөөмлөөс юугаараа ялгаатай вэ?
-Жирийн төмрийг халуун галд уяртал улайсгаад хөрөхөөс нь өмнө амжиж хэлбэрт оруулан цохидог. Бусад төрлийн бүтээлийг урлахдаа баримлын шавраар загвар гаргаж, түүнийхээ хэвийг алт, мөнгө, гууль, гангаар цутгадаг.
-Төмрийн өвөрмөц үнэр уран бүтээл хийхэд сэрэл мэдрэмж төрүүлэхийн зэргээр хөглөдөг болов уу?
-Онгод оруулдаг гэж боддоггүй. Гэхдээ үнэртэнгүүт төмөр цохих чимээ, галын халуун илч гээд өмнө нь хийж байсан үеийн хүнд хэцүү ажиллагаа төсөөлөгддөг. Эд уран бүтээлээ хийж байхад үнэр нь нэг хэсэгтээ л биеэс салахгүй. Зарим хүнд таагүй санагддаг байх.
-Аль болох амьдрал үзэж байж уран бүтээлч өөрийгөө олдог гэдэг юм билээ. Та өөрийгөө олж чадсан уу?
-Өөрийгөө олно гэдэг их гүн утгатай үг юм л даа. Ямар хэмжээнд өөрийгөө үнэлдэгээс шалтгаалах байх. “Дүрслэх урлаг” сэтгүүлд Г.Сэрээтэр гуай 30 нас нэлээд гарсан үедээ өгсөн ярилцлагадаа “Одоо хүртэл өөрийгөө эрж байна” гэснийг уншсан. Санаанд хүрсэн бүтээлээ хийсэн, эсэхээс өөрийгөө олсон үгүй хамаарах байх. Тэгэхээр би хараахан өөрийгөө олоогүй явна.
-Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Бид халуун төмрийн ажиллагаа гэж яриад байгаа. Гэтэл урлагт ажиллагаа ярих бүдүүлэг хэрэг гэдгийг сая үзэсгэлэн гаргахдаа ойлгосон. Бидний баримлын материал нь л төмөр болохоос биш аль болох сэтгэлгээний бүтээл хийхийг оролдсон. Хэд хэдэн хэлбэрээр дагналаа. Цаашдаа үзэсгэлэн бүртээ нэг хэлбэрийг сонгон дагнах санаа бий.
-Үзэсгэлэн гаргахын ач тус юу вэ?
-Олон сайн тал бий. Сэтгэлгээгээрээ ямар түвшинд яваагаа мэдэж авна. Хүнд зааж зөвлөх шиг амархан ажил байхгүй. Хүнд зөвлөөд байхаар өөрөө зэвэрч, зогсонги байдалтай болдог. Бодсоноо бүтээж, бусдад үзүүлж санал шүүмж сонсож, урам авахад нэг тийм гэгээлэг, цэвэр мэдрэмж төрж, сэтгэл санаа ч тунгалагшдаг. Мэдээж үзэсгэлэнгийн бүтээл зарагдвал цаашид бүтээл хийх сэтгэл санааны болоод санхүүгийн дэмжлэг болно. Гэхдээ тэр гэгээлэг мэдрэмжийг юутай ч зүйрлэх аргагүй олз. Бас оюутнууддаа хэлэх үгэндээ бодолтой ханддаг боллоо. Урьд нь тийм шүү гэж зааварладаг байсан бол одоо магадгүй, тийм байж болох юм гэх зэргээр бага мэдэмхийрдэг болсон. Өөрийгөө таниад эхлэхээр өөрөөсөө ичдэг болсон гэх үү дээ. Урьд нь ичих сэтгэлгүй байсан гэсэн үг биш шүү, арай бардам байсан байж магадгүй.
-Та төмрөөр урлахаас өөрөөр хийдэг үү?
-Урьд нь хог хаягдал ашиглан инстоляц буюу түр зуур үзэсгэлэнд дэлгэж болох, дахин тавих боломжгүйгээр дэглэсэн бүтээл хэд хэдийг хийсэн. Азийн нэгэн үзэсгэлэнд гэрэл зургийн зохиомжоор оролцож байсан.
-Төмөр, уран зураг хослуулсан бүтээлүүд дэлгэсэн нь сонирхол татлаа.
-Хүний дотор бурхан, чөтгөр зэрэгцэж оршдог гэдэг. Зааг бүтээлээрээ хүний дотоод зөрчлийг илэрхийлсэн юм. Хэрвээ бүтээлч болон дэмий бодлуудыг зааглаж болдог бол амар байхсан гэсэн утгаар төмрөөр заагласан.
Б.ДӨЛ