“Болор судар” хэвлэлийн газраас ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч Н.Болдтой хамтран дэлхийн сонгодог жүжгийн зохиолуудыг эмхтгэн “Дэлхийн жүжгийн дээжис” нэртэй 11 боть ном бүтээжээ. Манайхан өмнө нь цөөнгүй жүжгийн түүвэр гаргаж байсан ч үүн шиг нэг дор цувралаар 11 боть, боть тус бүртээ 4-10 шилдэг жүжгийн зохиол багтаасан, нийт 650 хэвлэлийн хуудас бүхий, даацтай бүтээл Монголын театрын түүхэнд мэндэлж байгаагүй тул уг түүвэр нь театр урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах соёлын үнэт өв болжээ. Мөн Монголын тайз, дэлгэцийн уран бүтээлчдэд оюуны томоохон хөрөнгө оруулалт болсон гэгдэж буй юм.
У.Шекспирийн эмгэнэлт жүжгүүдээс гадна инээдмийн жүжгийг нь нэг боть болгосон, Европ, Азийн сонгодог бүтээл болон абсурд жүжгийн түүврийг эмхтгэсэн нь дээрх бүтээлийн өргөн цар хүрээг илтгэнэ. Үүнээс гадна Ж.Б.Мольер, Бернард Шоу, Бертольд Брехт нарын жүжгийг тус бүр нэг боть болгон хэвлүүлсэн байна. Орчуулгын тухайд Ч.Чимэд, Э.Оюун зэрэг “томчуудын” бүтээлийг оруулсны дээр зарим жүжгийг нь өнөөгийн шилдэг дуун хөрвүүлэгчид Монгол хэлнээ буулгасан юм байна.
XI боть нь Монголын жүжгийн түүвэр нэртэй. Үүнд Догшин хутагт Данзанравжаагийн бичсэн анхны жүжгийг олж оруулснаараа Монголын жүжгийн зохиолын түүхийг 185 жилээр урагшлуулсан чухал хувь нэмэр болжээ. Мөн С.Буяннэмэх, Д.Нацагдорж нарын бүтээл болон 2013 онд жүжгийн зохиолын уралдаанд дээгүүр байр эзэлсэн зохиолчдын жүжгийг багтаасан аж.
“Дэлхийн жүжгийн дээжис”-ийг энэ 11 ботиор хязгаарлаагүй бөгөөд цаашид үргэлжлэх гэнэ.
“Дэлхийн жүжгийн дээжис”-т
1. Эртний Грекийн жүжгийн түүвэр
2. У.Шекспир “Эмгэнэлт жүжгийн түүвэр
3. У.Шекспир “Инээдмийн жүжгийн түүвэр”
4. Ж.Б.Мольер “Хошин жүжгийн түүвэр”
5. Өрнөдийн жүжгийн түүвэр
6. Бернард Шоу жүжгийн түүвэр
7. Бертольд Брехт жүжгийн түүвэр
8. Абсурд жүжгийн түүвэр
9. Азийн жүжгийн түүвэр
10. Оросын жүжгийн түүвэр
11. Монголын жүжгийн түүвэр багтаж байна.
Ч.МӨНХ