Америкийн утга зохиолын эцэг гэгддэг Марк Твен буюу Самуэль Л.Клеменсийн (1835-1910) “New York World” сонины 1900 оны аравдугаар сарын 21-ний дугаарт нийтлэгдсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Олон жил эх нутгаасаа хол байж, Европоор аялаад ирсэн түүнтэй тухайн цагийн нэртэй шог зураач, сэтгүүлч Кейт Карю ярилцжээ.
“Америкчууд бид юуг ч үнэн зөвөөр нь ярьдаггүй. Энэ их буруу л даа” гэж Марк Твен яриагаа эхлэв. Насны нар нь хэвийсэн буурал зохиолч өглөөний цайгаа уухаар зоогийн газрын ширээнээ тухалсан агаад эсрэг талд өөрөөс нь зүрхшээн буйгаа мэдэгдүүлэхгүй гэхдээ тэмдэглэлийн дэвтэртээ хамраа шургуулах нь халаг, бөхийхөөрөө бөхийх залуу эмэгтэй сууж байлаа. Тэр эмэгтэй бол миний бие Карю байсан юм. Бидэнд үйлчилсэн зөөгч хархүү Твен нэрээр зохиол бүтээлээ хэвлүүлж, түмэн олноо танигдсан Клеменс абугайг үе үе бишрэнгүй харна.
Бидний үнэн, худлын талаарх яриа ноён Твений Лондонд өнгөрөөсөн сар жилүүдээс эхэлсэн юм. Тэрбээр “Далайн нөгөө захад хүмүүсийн цаг баримтлах, цаг хугацааг үнэлэх нь хүртэл өөр байдаг” хэмээж, европчууд өчүүхэн жижиг зүйл дээр ч шударга байхыг хичээдэг, тэгэхдээ ёсорхуу зангаа тавьдаггүй тухай ярилаа. Түүний хэлснээр өөрт нь түвэг дараа болсон хүнийг шударгаар явуулах нь огт бүдүүлэг хэрэг биш гэнэ.
“Чин үнэнийг өчих нь жинхэнэ урлаг юм. Гэвч шинэ цагийн хууль журам гээч зүйл бидэнд шударга байх боломж олгохгүй байна. Чинхүү шударга нийгмийг цогцлооё гэвэл харилцагч хоёр талын хэн хэнийг, жишээлэхэд эд зүйл өгч, авалцах этгээдүүдийг, үнэнийг хэлэх, түүнийг нь сонсох хүмүүсийг нэгэн зэрэг зиндаанд сурч боловсруулах хэрэгтэй” гэж Марк Твен хэллээ. Тэгээд хэсэг зуур дуугаа хураав. Түүний дуугүй байсан тэр хэдэн хоромд би юу гэхээ мэдэхгүй сандарч орхисон юм. Тэгэвч санаанд орсон зүйлээ гүйцэд боловсруулж амжилгүй “Гэхдээ хүний сэтгэлд хүрэх урлагийн нэг арга зам нь худал хэлэх гэдэг шүү дээ. Шуудхан үнэнийг хэлэх дэндүү хялбар биш үү” гээд асуучихав. Тэр үед зөөгч залуу яг л салхи шиг хийсэж ирснээ бидний захиалсан юмсыг ширээн дээр та виад, хоосон тавиураа барин явж одлоо. Марк Твен кофеноос нэг балгаад, бавайсан сахлаа амны цаасаар арчсанаа “Үгүй байх” гэв. Тэрбээр “Худал хэлнэ гэдэг яагаад ч сайн зүйл биш. Би насаараа тийм нүгэл үйлдэхгүйг хичээж явна. Худал хэлэх нь оюун ухааны наадгай, бусдын санаа бодлыг унших арга хэрэгсэл байж болох юм. Хамгийн сайн худал хэлдэг хүмүүс голдуу луйварчин, эсвэл гэнэн хүүхдүүд байдаг шүү дээ. Харин боловсон, ухаалаг хүмүүс аль болох үнэнийг хэлж, бусдын амнаас ч мөн үнэн үг сонсохдоо баярладаг” гэж ярив.
Би түүний яриаг анхааралтай чагнахын хажуугаар хөргийг нь зурахыг хичээж байсан тул байсхийгээд л дэвтэр лүүгээ шагайгаад байхыг тэр анзаарав бололтой. Яаж ч хичээсэн миний харандаа, бийрийн үзүүр түүний мөнгөлөг үзэг болоод оюуны хурдыг гүйцэхгүй билээ. Марк Твен эгээ л эцэг хүн шиг гэнэтхэн ажилд минь анхаарал хандуулж, “Хэрэгтэй бүхнээ тэмдэглэж авч амжиж байна уу” гэж асуув. “Арай амжихгүй байна. Хэдэн өгүүлбэр л бичиж авлаа” гэхэд минь гайхан ухасхийж, миний дэвтэр рүү өнгийж байна. Би түүний өтгөн хөмсгийг зурж байсан юм.
“Зураачийн хувьд гэхдээ цөөнгүй өгүүлбэр шүү” гэж намайг өмнөх үгээ тайлбарлан хошигноход тэрбээр эргэж суудалдаа суугаад, сэтгэл нь амарсан байртай инээмсэглэв. Тэгээд “Иймэрхүү тэмдэглэлийг хэд л бол хэд дахин хий. Харин янз бүрийн зүйл шалгааж, ярилцлага нэртэй байцаалт явуулах хэрэггүй” гэлээ. Энэ нь намайг болгоомжлоход хүргэсэн ч асуулт, хариултын хэлбэрээр биш уулзалтын тэмдэглэл шиг бичсэн энэ “яриалцлага”-ыг хэвлүүлье гэхэд эрхэм зохиолчийг дургүйцэхгүй гэдгийг мэдэж байв. Ноён Твентэй би өмнө нь нэг бус удаа таарч байсны дээр хоёр жилийн өмнө Вена хотноо холоос барааг нь харж, ярилцлага авюу гэж бодож байсан юм. Гэвч түүнд ойртож зүрхлээгүй билээ. Харин тэр явдлыг зохиолч маань яахин мэдэх вэ.
Вена бол үнэхээрийн үзэмж төгс хот болохыг би сануулав. Тэгээд хамт аялж явсан нэг танил минь хүртэл өөртэй нь үг сольж үзэхийг хүсэж байсныг дурслаа. Биднийг хэрэв дөхөж очоод мэндэлсэн бол ярилцлага өгье гэхгүй ч энгийн сайхан танилцаад өнгөрөхөд ноёнтон дургүйцэхгүй байсан гэнэ. Энэ тухай ярихдаа тэр найрсаг гэгч нь гараа даллаж үзүүлсэн юм. Харин Вена хотын талаарх сэтгэгдэл, тэндхийн найз нөхдийнх нь талаар асуухад зохиолч ам нээсэнгүй. Олонтаа очиж үзсэн, бүр аж төрж байсан Парис, Лондон хотын талаар асуухад ч мөн адил.
Надтай уулзана гэсэн амандаа хүрч, одоо бичиглэн суугаа эл тэмдэглэлийг минь хэвлэлийн хуудаснаа нийтлэхийг зөвшөөрсөн ч Марк Твен ярилцлага өгөх дургүй гэдгээ надад тун сайн мэдрүүлж байлаа. Нью-Йоркийн тухай, ядаж Америк орноо юу гэж боддогийг нь би мэдэхийг хүссэн. Гэтэл хүндэт зохиолч маань дуугаа хураахын мастер ажээ. Тэнгэр баганадсан барилгын талаар, өнгө алдаж, өөрчлөгдсөн хуучны гудамж талбайн талаар, тээврийн хурдтай хэрэгсэл, бүр улс төрийн талаар ч ганц үг ганхийсэнгүй. Харин дуу чимээ, их хотын нүргээний талаар бодож бодож хэдэн үг хэлсэн юм.
“Европын олон сайхан, нам гүм хотод амьдарч байсан танд Нью-Йорк их дуу чимээтэй санагдаж байна уу” гэсэн миний асуултад Марк Твен “Харин ч үгүй. Чимээ анирыг би ер тоодоггүй юм. Харин эргэн тойрон гэнэтхэн нам гүм болох л хэцүү дээ. Тийм үед л их олон дуу чимээ сонсогддог” гэв. Тэгээд урдах зоогоо харснаа өглөөний унд, хоолны талаар ярилаа. “Лондонд иймэрхүү зүйлс идэхгүй шүү дээ. Англичууд маш тухтай орчинд сууж байгаад 10.00-12.00 цагийн хооронд өглөөний ундаа ууна. Манайхан шиг тогтсон цагт цайлна гэж байхгүй. Өөр оронд байхдаа би Америкийн энэ уламжлалыг л их үгүйлдэг юм” гэж Марк Твен хэлснээ тогтсон цагтаа л цайлж байвал хүйтэн кофе ч уучихдаг бяцхан “нууц”-аа дэлгэв.
Түүний тун цөөхөн үг хэлсэн тэр өглөөний дүр зургийг гайхамшигтай сайхан байсан гэж хэтрүүлэх аргагүй юм. Ам нээсэн даруйдаа өөрийгөө бахадсан шинж, эсвэл миний үгийг юу гэж ойлгов гэх шиг гярхай харцын аль алийг би олж хараагүй билээ. Тэрбээр хөгжилтэй байх гэж ч хичээгээгүй. Харин бүх юмсыг тунгалаг шилний цаанаас ажих шиг амгалан байсан. Тэр тухайгаа яриасай гэж би тун ч их хүсэж байлаа. Гэхдээ санасанд хүртэл минь ярьж хөөрөөгүй ч түүний эрхэмсэг байр байдлыг мэдэрсэндээ би сэтгэл хангалуун байв. Тэр уулзалтын үеэр сараачиж авсан хэдэн зургийнхаа нэгэн дээр би өөрийгөө инээмсэглэж буй олон хүний дунд зогсоогоор зурсан юм.
Эцэг эх нь барлаг зарц байсны, өөрөө олон жил хилийн чанадад амьдарсны хувьд ноён Клеменс үйлчилгээний ажилчдыг ихэд хүндэтгэж сурчээ. Биднийг цайлж дууссаны хойно тэрбээр мөнөөх зоогийн газрын ахлах зөөгчийг дуудуулж, захиалга өгөх үедээ хүсэлт гаргасан нэгэн зүйлийг нь яагаад биелүүлээгүйг асуулаа. Гэхдээ тун ч эелдгээр “Яасан юм бол гэж гайхаад. Зүгээр л мэдэх гэсэн юм” гэв. Харин өнөөх зөөгч гал тогооны ажилчид хоорондоо үл ойлголцсоныг хичээнгүйлэн тайлбарлалаа. Нью-Йоркийн үйлчилгээний томоохон газруудын эзэд өдгөө Марк Твенийг мэддэг болжээ. Одоо амьд сэрүүн буй ямар ч хүнээс илүү биднийг инээлгэж баясгасан, хэдэн арваар тоологдох бүтээл туурвилаа бид бүхэнтэй хуваалцсан түүнээс өөр хэн ч Нью-Йорк хотод хамгийн сайн үйлчлүүлэх эрхтэй хүнээр тодрохгүй билээ.
Г.ЛХАГВА