Монголын павильонд 9000 хүн зочиллоо
Дэлхийн дүрслэх урлагийн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлогч Венецийн биеннальд Монгол Улс анх удаа өөрийн павильоныг албан ёсоор нээснээс хойш хоёр долоо хоног өнгөрлөө. Энэ хугацаанд Монголын павильонд 9000 орчим, нээлтийн эхний хоёр өдөрт 4000 орчим хүн зочилжээ. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улс Венецийн дүрслэх урлагийн биеннальд анх удаа оролцож байгаа тухай 300 орчим мэдээ, Монголын павильоны талаар тусгайлан бичсэн нийтлэл 30 орчим гараад байна.
Олон улсын “Art Radar” сэтгүүл болон “Art Review Asia” манай павильоныг Венецийн биенннальд оролцож буй Ази номхон далай, Африк, Ойрхи дорнодын орнуудын павильоны шилдгийн тоонд багтааж нэрлэсэн бол “ Culture 360” онлайн сэтгүүл Венецийн биенналийн тухай мэдээндээ 89 орны павильоноос Монголынхыг хамгийн эхэнд нь дурьдсан байна.
Анх удаа Олон улсын дүрслэх урлагийн хамгийн том наадамд оролцож байгаа манай уран бүтээлчдийн рейтинг ямар өндөр хэмжээнд байгааг эдгээр баримтууд нотолж буй юм.
Сөрөг хүчний лидерүүдийг уулзуулсан Венецийн биенналийн нээлт
Монголд тэр бүр ойлгодоггүй, таашаадаггүй, бүр заримдаа гадуурхагддаг, харин олон улсад хүлээн зөвшөөрч, үнэ цэнийг нь ойлгосоор олон арван жилийг үдсэн контемпорари арт чиглэлийн шилдэг бүтээлүүдийг толилуулсан энэ наадмын нээлтийг үзэхээр 40 гаруй монголчууд очсоны дотор улс төрийн төлөөллөөс ерөнхий дэмжигчийн хувьд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, харин үзэгчээр УИХ-ын гишүүн Сү.Батболд нар очсон байв. Тэд хоёр хоногийн турш контемпорари урлагаар хамтдаа “амьсгалж”, үзэж сонирхон, ярилцаж, заримдаа хошигнон байхыг нь харсан хүмүүст эерэг мэдрэмж төрсөн тухай бидэнтэй хуваалцсан юм.
Э.Бат-Үүл дарга үзэсгэлэн үзсэнийхээ дараа “Контемпорари уран бүтээлчид хүнийг дуурайлгүй, өөрөөрөө байж ,шинэ туршилтуудыг зоригтой хийж чадаж буйг хараад биширч байна. Манайхан аливаа зүйлийг хуулбарлахдаа сайн. Монголчууд энэ урлагийг ойлгосон, ойлгоогүй ирж үзээсэй. Нийгэмд зуршил болсон зүйлсээс татгалзаж, хязгаар, хайрцгийг даван өөрөөрөө сэтгэх чадварыг эндээс олж аваасай гэж хүсэж байна” гэж хэлсэн байна.
Монгол философи, түүхээр амьсгалсан Палазо Мора, Венецийн олон нийтийн талбай
Италийн Венец хотын Канарежио дүүрэгт байрлах Палазо Мора буюу Европын соёлын төвийн хоёрдугаар давхарт Монгол Улсын павильон Филиппин улсын павильонтой зэрэгцэн байршиж уран бүтээлч Х.Үнэн Энх, Т.Энхболд нарын бүтээлийг долоон сарын туршид дэлгэн үзүүлэх юм.
Сонирхолтой нь, Филиппиний павильонд 51 жилийн өмнө Холливүүд, Венецийн кино наадамд шуугиан дэгдээж байсан Чингис хааны тухай киног үзүүлж, дэлхийн улс орнуудын хоорондын хэлхээ, холбоосыг гол сэдвээ болгосон байв. Харин Монголын павильон улам бүр холдож буй хүн байгалийн харилцаа, даяарчлалын эрин дэх хүмүүсийн нүүдэл, суудлын асуудлыг хөндсөн бүтээлүүдийг дэлгэн үзүүлсэн аж.
Түүнчлэн Палазо Мора дахь павильоноос гадна уран бүтээлч Т.Энхболд Венецийн олон нийтийн задгай талбайд өөрийн бүтээсэн гэртэйгээ нүүдэллэж үйл хөдлөлийн урлагийн үзүүлбэр сарын туршид үзүүлнэ. Павильоны куратор Ц.Уранчимэг нь энэхүү үйлдлийг венецчүүд, монголчууд хоорондын нүүдлийн түүхтэй холбон “Хүннүгийн үеийн нүүдэлчдийн довтолгооноос дайжиж Венец хотыг байгуулсан түүхтэй.Түүнээс хойш хэдэн зууны дараа Венецийн худалдаачин Марко Поло Монголын эзэнт гүрнээр аялж, Хубилай хааны өргөөнд 16 жилийг өнгөрүүлж байсан бол өнөөдөр монгол хөвгүүн нүүдлийн гэртэйгээ үйл хөдлөлийн урлаг үзүүлэн Венец хотын дундуур нүүдэллэн явна” хэмээн бичсэн байв. Уран бүтээлч Т.Энхболдын үйл хөдлөлийн урлаг нь олон хүний сонирхлыг татсан учраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоо ч түүний тухай мэдээлсээр байгаа юм.
Түүнчлэн биенналийн дагалдах арга хэмжээний хүрээнд уран бүтээлч Ж.Мөнхцэцэг “Personal Structures” олон улсын үзэсгэлэнд өөрийн бие даасан үзэсгэлэнгээр, харин биенналийн нээлттэй давхцуулан “Land Art of Mongolia” ТББ-аас UNESCO-ийн павильонд зохион байгуулсан арга хэмжээнд уран бүтээлч С.Ганзүг үйл хөдлөлийн урлагаар оролцлоо. Энэ оны арваннэгдүгээр сарын 22 хүртэл үргэлжлэх Венецийн дүрслэх урлагийн 56 дугаар биенналийг үзэхээр очих зочдыг Марко Пологийн онгоцны буудалд байршуулсан Монголын павильоны том гэрэлт самбар хамгийн түрүүнд угтан авах болно гэдгийг эх орноо сурталсан энэ наадамд уран бүтээлчдээ оролцуулсан багийнхан уламжилж байсан.
Дүрслэх урлагийн салбар – хөгжлийн ухаалаг хөшүүрэг
Энэхүү төслийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, ерөнхий дэмжигчээр НЗДТГ, ерөнхий ивээн тэтгэгчээр “Мон Уран” компани болон “Алтай”, “Эко” Констракшн, “Онч Деллойт Аудит”, “Туушин”, “Макс” групп, “Turkish Airlines”, “Петровис”, “Хас”банк, “Steppe Link”, “Мөнхийн үсэг”, “Terrazzo Lounge”, “Отгон Холдинг”, “Төгөлдөр” сан, зохион байгуулалтын талаас соёлын асуудал хариуцсан өмнө Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан Соёл спорт аялал жуулчлалын яам, одоогийн Боловсрол соёл шинжлэх ухааны яам, MCS групп, Ром дахь Монголын ЭСЯ дэмжлэг үзүүлэн ажиллаж, хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгчээр МҮОНТ, UBS TV, “Өнөөдөр” сонин, “New Media Group”, хамтрагчаар Монголын урлагийн зөвлөл, “Гэрэг”, “Тойм” сэтгүүл, “Засгийн газрын мэдээ”, “UB Post” сонин, Gogo.mn, News.mn, Eagle.mn сайт, “Эх орон” телевиз ажиллалаа.
Дүрслэх урлагийн олимпод авьяаслаг уран бүтээлчдээ оролцуулж, эх орноо сурталчлахын тулд хөрөнгө, санхүүгийн дэмжлэг нэлээд чухал байсан бөгөөд үүнийг бүрдүүлж, Монголын дүрслэх урлагийг дэмжсэн бүх байгууллага, хувь хүнд чин сэтгэлээсээ талархаж буйгаа Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооныхон уламжиллаа.