Тайз нь урьдынхаасаа илүү өнгөлөг, аятайхан харагдаж байсан болоод ч тэр үү, эсвэл энэ өдрийн “Травиата” дуурьт Солонгосын дуучид гоцолно гэсэндээ ч тэр үү нэг л өөр хүлээлтэйгээр суудалдаа тухаллаа. Монгол, Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулж найрамдлын сарын арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд Ж.Вердийн “Травиата” дуурьт хамтарсан баг ажиллаж бямба гаригийн орой солонгос, ням гаригт монгол дуучид гоцолсон юм. Онцгой мэдрэмж төрүүлсэн энэ дуурийн найруулга, харилцан ярианд Солонгосын найруулагч Ан Ху Вон өөрийнхөө өнгө аясаар бага зэрэг өөрчлөлт оруулсан нь илүү сонирхолтой санагдлаа. Жүжиглэлт болон хөдөлгөөн нэлээд нэмэгдэж, эрч хүчтэй болсон мэт сэтгэгдэл төрүүлэв.
Түүнтэй хамт удирдаач Рю Мон Ү ирж, ДБЭТ-ын симфони найрал хөгжмийг удирдан тоглуулсан. Тэрбээр манай улсад хоёр дахь удаагаа ирж байгаа бол найруулагч Ан Ху Вон анх удаа зочилсон нь энэ. “Травиата” дуурийн гол дүр болох Виолеттад дуулсан Шин Син Агийн хоолой үнэхээр их таалагдав. Тэрбээр улсдаа нэртэй дуучин төдийгүй, найруулагч нар түүнийг чадварлаг уран бүтээлч хэмээн үнэлдэг гэсэн. Мөн Жун Сан Хён, Со Пил нарын тоглолт ч үзэгчдийг хүлээлтээс давсан болов уу.
ДБЭТ-ын ерөнхий зураач А.Ганбаатар “Травиата”-гийн тайзыг илүү өнгөлөг болгож, түүний дүү, хувцасны зураач А.Оюун ч бас уран бүтээлчдийг илүү сайн “гоёжээ”.
Хоёр орны уран бүтээлчдийн хамтын уран бүтээлийг энэ удаа БСШУ-ны сайд Л.Гантөмөр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд У Сун, Тэжон хотын дуурийн театрын захирал Чой Нам Ин нар болон бусад албаны хүмүүс үзэж сонирхлоо.
38 жилийн өмнө Монголын үзэгчдийн хүртээл болсон “Травиата”-гийн найруулгын бүрэн шинэчлээгүй боловч Ё.Цэрэндолгор найруулагчтай зөвшилцөн жүжиглэлт болон харилцаа, хөдөлгөөнд нэмэлт оруулсан нь дуурийн ерөнхий өнгө төрхийг илүү шинэлэг болгож байлаа. Сэрүүн, чийглэг орноос сэвэлзсэн салхи Монголд хурган, нэгэн таатай зүйл үлдээгээд буцсан нь энэ буюу.
Харин ням гаригийн тоглолтын хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдаж, Виолеттад Б.Эрдэнэтуяа дуулсан. Найруулагч Ан Ху Вон “Гол дүрийн жүжигчин маань италиар сайн ярьдаг учраас ойлголцоход хялбар байна” хэмээн тоглолтын өмнө ярьж байсан. Тэрбээр өмнө нь Итали улсад мэргэжил дээшлүүлснээс гадна гурван ч удаа “Травиата” дуурийг найруулан тоглуулсан туршлагатай аж.
“Солонгос Монголын найрамдлын сар” арга хэмжээ цаашид Солонгосын кино өдрүүд, хоолны фестиваль, К-поп дуучдын тоглолтоор үргэлжилнэ.