БСШУЯ-наас “Соёл урлагийн менежмент, бүтээлч үйлдвэрлэл” соёл урлагийн удирдах ажилтны сургалт зохион байгууллаа. Монголд анх удаа болж байгаа энэхүү сургалтад нийслэл, 21 аймгийн соёл урлагийн байгууллагын удирдах ажилтан, мэргэжилтнүүд оролцож байгаа юм. Салбарын яамнаас соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, соёлын байгууллагын менежментийг сайжруулах тал дээр салбар байгууллагууддаа зөвлөгөө өгч байгаа нь энэ юм.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр сургалтын үйл ажиллагаатай танилцах үеэр “Өнөөдөр соёлын бүтээл, үйлчилгээндээ цоо шинэ менежмент хийхийг зах зээл шаардаж байна. Өөрсдийн зах зээлийг тэлэх боломжийг хайх цаг ирсэн. Жишээ нь, Сүхбаатар аймгийн театр зөвхөн Сүхбаатартаа л тоглож, тасалбараа 5000 төгрөгөөр борлуулж, төлөвлөгөө биелүүлнэ гэх биш, яавал бусад аймагт бидний тоглолтыг түүнээс илүү үнээр үзэх вэ гэдгийг бодох цаг ирсэн. Таны мэдлэг шингэсэн бүтээл зах зээлд өндөр үнээр борлуулагдаж байх ёстой. Монгол Улс цаашдаа байгалийн баялгийг биш мэдлэгийг түшсэн эдийн засагтай орон болно. Монголд мэдлэгийн эдийн засаг улам бүр хөгжихөд бидэнд байгаа давтагдашгүй өв, соёл, та бүхний ур ухаан шингэсэн бүтээл, үйлчилгээ үнэхээр чухал нөлөө үзүүлнэ” гэв.