Европын орнуудын шилдэг дуучныг шалгаруулдаг “Евровижн 2015” хөгжмийн наадам Австрийн Вена хотноо болж өнгөрөгч бямба гаригт ялагчаа тодрууллаа. Энэ жил 60 жилийн ой нь тохиож буй наадмын эцсийн шатанд Орос, Шведийн оролцогчид тунаж үлдсэн бөгөөд, гурван жилийн өмнө наадмыг тэргүүлж байсан Шведчүүд энэ удаад дахин тэргүүллээ.
Өдгөө 28 настай Манс Зелмерлов “Баатрууд” дуугаараа Европын шилдэг дуучнаар шалгарсан байна. Тэрбээр шагналаа гардаж авахдаа “Надад хэлэх зүйл их байна. Намайг дэмжиж, миний төлөө санал өгсөн бүх хүнд юуны өмнө талархсанаа хэлье. Баярласан сэтгэлээ илэрхийлэхэд үг ч багадахаар байна” гэжээ.
Дашрамд сонирхуулахад Шведийн уран бүтээлчид тус наадмын хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор багтдаг. 1974 онд “АББА” хамтлаг, 1984 онд “Хэрригийн ах дүүс” хамтлаг, 1991 онд дуучин Кэрола, 1999 онд Шарлот Нилсон, 2012 онд Лорен нар тус наадмын шилдгээр тодорч байжээ.