Нью-Йоркийн Манхэттен дүүргийн дээд шүүх гэр бүлээ цуцлуулах тухай баримтыг фэйсбүүкээр дамжуулахыг зөвшөөрсөн нэгэн шийдвэр гаргажээ. Сувилагч мэргэжилтэй Элланора Байдугийн өмгөөлөгч гэр бүл цуцлуулах баримтуудыг үйлчлүүлэгчийнхээ цахим хуудсаар явуулах гэнэ.
Учир нь нөхөр Сена Блад-Закугийнх нь оршин суугаа хаяг тодорхойгүй болоод удсан аж. “Хүсэлт гаргасан этгээдийн өмгөөлөгч эдгээр баримтыг авах ёстой эзэн нь хүлээн авсан гэсэн баталгаа иртэл долоо хоногт нэг удаа сүлжээнд тавигдах болно” гэж дээд шүүхийн шүүгч Мэтью Купер мэдэгджээ.
Байду болон түүний нөхөр Ганагаас ирсэн цагаачид бөгөөд 2009 онд гэрлэлтээ батлуулсан ч, хэзээ ч хамтдаа амьдарч байгаагүй гэнэ. Тэд утсаар, эсвэл фэйсбүүкээр харилцдаг байсан ч сүүлийн үед сураг тасарсан аж.