Бяцхан охин бүжиглэх дуртай. Ээжийнхээ зааж өгсөн энэтхэг бүжгийг сэтгэл гарган бүжиглэчихээд найзуудаасаа урмын үг сонсож, ирээдүйд алдартай шилдэг бүжигчин болно гэсэн итгэл тээж иржээ. Бас “Мундаг бүжигчин болоорой. Авьяаслаг жүжигчин болно шүү. Ж.Жав багшаас нь” гэсэн үгтэй, балетчин охины зурагтай ил захидал хүлээн авах бүртээ сэтгэл нь догдолж, өөр юунд ч сатаарах сөхөөгүй ирээдүйн мэргэжлийн замдаа хөл тавьсан гэнэ. Түүнийг Т.Содгэрэл гэдэг.
Үндэсний дуу, бүжгийн “Түмэн эх” чуулгын бүжигчин тэрбээр саяхан оны шилдэг уран бүтээлчид олгодог “Мөнгөн мод” цом гардаж, салбараа төлөөлөн ажлаа үнэлүүлсэн нэгэн. Өнгөрсөн жил “Тусгал” хэмээх бие даасан тоглолт хийж, өдий хүртэл уран бүтээлээ тасралтгүй туурвисаар яваа түүний хичээл зүтгэл ийн тодорсон хэрэг. Амрах завгүй ажилтай ч мэргэжилдээ дурласан түүнийг “Нямын зочин”-оор урилаа. Хүүхэд наснаас эхэлсэн догдлол дүүрэн амьдралаа тэр хэвээр нь хадгалж, аз жаргалын буухиат аялалд амжилттай оролцож яваа түүний яриаг хүргэе.
-Шагнал хүртэхээр тайз руу гарахдаа бүжиглэх үеийнхээсээ их л өөр харагдсан. Учир нь юундаа байсан юм бол оо?
-Мэдэхгүй. Би бүжиглэхээр тайз руу гарахдаа огтхон ч сандардаггүй. Дуртай ажлаа хийж байгаа болохоор бүжгийнхээ дотор уусаж, сэтгэлээсээ тоглодог. Харин шагнал авахаар тайзан дээр гарах замдаа юу хэлэхээ бодож явсан хэрнээ л микрофоны өмнө очтол бүх гэрэл надруу тусаад нүд гялбаад явчихсан. Тэгээд нэг юм үг хэлээд буусан л даа. Гэхдээ их өөр юм билээ. Өмнө нь тайзан дээр гарахдаа хэзээ ч тэгж үзэгчдээ харахгүй болтлоо сандарч байсангүй.
Энэ шагналыг 2008 оноос гардуулж эхэлсэн ч хэрхэн шалгаруулж, олгодог тухай би мэдээлэл багатай байжээ. Өнгөрсөн жилийн тавдугаар сард зургаан бүжиг дэглээчтэй хамтран “Тусгал” ганцаарчилсан бүжгийн тоглолт хийснийг минь үнэлж энэ шагналыг олгосон болов уу. Ингэж ажил, уран бүтээлээ үнэлүүлсэндээ баяртай байна. Би чинь бүжигчин хүн, урлагийн хүн шүү дээ гэсэн бахархал тэгэхэд төрсөн шүү.
-Хэдэн жил бүжиглэж байна вэ?
-Сургууль төгсөөд 20 жил болж байгаа. ХБК-ийг бүжгийн жүжигчин мэргэжлээр 1995 онд төгсөөд, дараа нь “Түмэн эх” чуулгад ажилд орсон. Энэ чуулгадаа 15 дахь жилдээ ажиллаж байна.
-Багаасаа л бүжиглэдэг хүүхэд байв уу?
-Багаасаа л бүжиглэсэн. Манайхан ээж, ааваасаа тавуулаа. Манай хоёр намайг л бүжигчин болгоно, урлагийн хүн болгоно гэж анхнаасаа зорьсон. Бүжиглэх дуртайг минь анзаарч, авьяасыг минь нээж дэмжсэн. Жаахан хүүхэд юугаа мэдэх вэ дээ, ээж хаашаа гэнэ тийшээ л явна. Ээж минь олон гоё бүжиг зааж өгдөг байсан. Тухайн үед энэтхэг кино их гардаг байсан болохоор энэтхэг бүжиг хийнэ. Би ер нь хоёр л бүжигтэй, түүнийгээ сургуулийн бүх үйл ажиллагаанд бүжиглэдэг байж билээ. Энэтхэг, казак бүжиг их хийсэн дээ. Хөдөөний хүүхэд байсан болохоор Ц.Сэвжид гуайн дэглэсэн олон сайхан монгол бүжгийг сурах боломж тэр үед олдоогүй.
Намайг долоон настай байхад ээж минь бүжгийн урлагийн нэрт зүтгэлтэн Ж.Жав багштай холбогдож “Манай хүүхэд бүжиглэх дуртай. Яаж бүжигчин болгох вэ” гэсэн захидал илгээсэн юм билээ. Түүнээс хойш Ж.Жав багштай захидлаар их удаан харилцсан. Надад балетчин охины зурагтай маш гоё ил захидал илгээж, “Багш Жаваас нь. Урлагийн хүн болоорой, сайн бүжигчин болоорой” гэж бичсэн байдаг. Тийм сайхан захиа хүлээж аваад бүр ч их урамшина. Яг л ил захидал дээрх бүжигчин охин шиг болно гэж мөрөөднө.
-Аль аймгийнх билээ?
-Манай аав Намын үүрийн дарга байсан болохоор Дорноговь аймагт хуваарилагдаж, манайх бүх сумаар нь тойрч амьдарч байсан.
-Дорноговиос олон сайн бүжигчин төрөн гарсны зэрэгцээ өдгөө аймгийнхаа төвд Хүүхдийн ордонтой болж ардын бүжигчдийг бэлтгэж байгаа байх аа?
-Ц.Сэвжид гуайн төрсөн нутаг болоод ч тэр үү олон сайн бүжигчинтэй.
-ҮДБЭЧ-ын бүжигчид олныг хамарсан бүжгэн жүжиг ихэвчлэн тоглодог бол “Түмэн эх” ямар давуу талаараа бүжигчдээ нээж, таниулдаг вэ?
-Би бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн даруйдаа ардын бүжгээ хийгээгүй. Орчин үеийн бүжиг хийнэ гээд хүсэл сонирхлоо дагаж явсан ч аав, ээж минь “Охиноо ардын бүжиг хийхийг харахсан. Чи ийм л бүжиг хийх гэж төгссөн шүү дээ” гэж ярьдаг байлаа. Хэсэг хугацааны дараа л ардын бүжгээ хийе гэж хойшлуулж байгаад “Түмэн эх” чуулгад ажилд орсон. Манай чуулга эрэгтэй, эмэгтэй тус бүр таван бүжигчин, нэг багштай цомхон бүрэлдэхүүнтэй. Гэхдээ бие биенээ гэсэн чин сэтгэлтэй, нөгөөдөө зааж, зөвлөж тусалдаг халуун дулаан уур амьсгалтай болохоор өөрийн эрхгүй татагдсан.
Хүн хамт олны дунд хүмүүждэг нь маргаангүй үнэн. Би энд ажиллахаасаа өмнө хэзээ ч бий бийлгээ хийнэ гэж бодож байгаагүй. “Түмэн эх” чуулга байгуулагдсан үеэсээ л натур бий бийлгээг уламжлан авч яваа. Бас манай тайз үзэгчдэдээ ойр байрлалтай болохоор тавуулаа бүжиглэсэн ч өөрийгөө гоцолж байгаа мэт төсөөлж, нүүрний хувирлаараа тоглож, жүжиглэх ёстой. Энэ талаараа бусад байгууллагын бүжигчдээс ялгарах байх аа.
-Зургаан өөр бүжиг дэглээчийн бүжгийг нэг дор хийхэд сэтгэлзүй болон хөдөлгөөндөө ямар ямар ялгаа мэдрэв?
-“Өнөөдрийн монгол эмэгтэй” гэсэн ерөнхий сэдвийн дор бүсгүйчүүдийнхээ ур чадвар, ухаалаг, тэвчээртэй занг харуулахыг зорьсон. Ган-Очирын дэглэсэн “Эмэгтэй зүүд” бүжигт хүсэл, мөрөөдөл, эрх чөлөөтэй тэмүүллийг дүрсэлсэн. Бодит амьдрал дээр тийм байж чаддагүй ч зүүдэндээ хэрхэн эрх дураараа байгааг бүжгээр илэрхийлсэн хэрэг. Хашхүүгийн дэглэсэн “Санахуй” бүжгээр эмэгтэй хүний сэтгэлийн чинад дахь эрхэм бүхнийг харуулахыг зорьсон. Хань, үр хүүхдээ гэсэн сэтгэлийг нь гарын болон биеийнхээ хөдөлгөөнөөр харуулсан. Мөн натур бий бийлгээг багтааж дэглэсэн Мөнгөнцэцэг багшийн “Урианхай” бүжигт хээ шаагүйн бүсгүйн дүр тодорсон. Гэрт орж эм, гадаа гарч эр болсон, нум сум харвадаг эрэмгий бүсгүйн дүр л дээ.
-Тайзан дээр Содоо ийм олон дүр бүтээдэг бол амьдрал дээр ямар хүн байх гэж зорьдог вэ. Өдий хүртэл өөрийнхөө үзэл бодлыг төлөвшүүлж, би-гээ бүтээж байхдаа өөртөө төлөвшүүлсэн эерэг зан чанар нь юу байв. Бас өөрчилж, засаж болдоггүй дутагдалтай тал нь юу байх юм бэ?
-Гүйцэтгэгч уран бүтээлч учраас тайзан дээр дэглээчийн бий болгосон дүрээр гардаг. Харин амьдрал дээр өөрийгөө дайчин, өөдрөг үзэлтэй байлгахыг эрмэлздэг. Өөдрөг хүн ядаж л сайхан инээмсэглэнэ, өөрийгөө нээж, найз нөхдөөрөө хүрээлүүлнэ. Залуу, эрч хүчтэй байхыг үргэлж хүсдэг. Бүжгээ хийхдээ би эрч хүчтэй болдог болохоор ажилдаа хайртай. Би хүнтэй зөв харилцахыг хүсэж, зорьсон. Одоо байгаа өөрийнхөө харилцаа болон нөхөрлөлөөрөө бахархдаг. Бас их хүлээцтэй байдаг юм болов уу. Гэр бүлийнхэндээ ч гэсэн хүлээцтэй хандаж, ямар ч зүйлийг харилцан ярилцаж, эвээр шийдэхийг хүсдэг. Харин намайг хүмүүс өөрийнхөөрөө гэж шүүмжилдэг. Ямар үед тийм байдал гаргадаг юм бол гэж ажиглаад засахсан гэж хичээдэг. Бас огцом уурлавал түүнийгээ нүүрэн дээрээ тодруулчихдаг дутагдалтай. Манай нөхөр тэр занг минь мэддэг болохоор хэлдэг юм.
-Гэхдээ та залуухан, оворгүй харагддаг юм байна.
-Баярлалаа. Ажиллах орчин, хамт олон болон гэр бүлийн уур амьсгал уран бүтээлч хүнд их чухал. Орой бүр хань, үр хүүхдэдээ хоолыг нь зэхээд хамт байж чаддаггүй ч хань минь миний ажлыг ойлгож, дэмждэг нь сайхан. Уран бүтээлч хүн, тэр дундаа бүжигчид маш их завгүй байдаг. Шууд л гараад тайзан дээр бүжиглэчихнэ гэж байхгүй. Хоёр сарын дараа тоглолттой байлаа гэхэд би өнөөдрөөс өөрийгөө бэлдэх шаардлагатай болдог.
-Хэдэн хүүхэдтэй вэ?
-Хоёр охинтой. Том нь 12 нас хүрчихсэн.
-Ээжийгээ дагаж бүжиглэдэг үү?
-Багадаа бүжиглэе л гэдэг байсан. Бүжгийн урлаг хатуу учраас би охиндоо “Чи бүжигчин болъё гэвэл эхлээд тэвчээртэй байх ёстой. Дараа нь бүжигчин болно” гэж хэлсэн. Охидоо заавал бүжигчин болгоно гэхгүй ээ. Хүсэл, сонирхлыг нь л дэмжинэ. Мэдээж өөрсдөө бүжигчин болно гэвэл хорихгүй.
-“Түмэн эх” чуулгын тоглолтыг үзчихээд гарч явахдаа нэг өхөөрдөм дүр зураг олж харсан шүү. Түрүүхэн тайзан дээр гоёж, гоодоод дуулж бүжиглэж байсан уран бүтээлчид хувцсаа солиод машиндаа суучихсан, арын суудалд нь хүүхдүүд нь шуугичихсан явж байсан.
-Тийм шүү. Өдөр болгон тоглолттой, байнга ажилтай байдаг болохоор тэр л дээ. Заримдаа хүүхдүүдийг маань харах хүн олдохгүй шүү дээ. Бас манай хүүхдүүд тоглолт үзэх их дуртай байдаг юм. Хэд үзээд ч уйдахгүй.
-Орчин үеийн бүжиг сонирхдог гэснээс дуучин Л.Байзадагийн хамтлагт байл уу?
-ХБК-ийн төгсөх курсийн оюутан байхдаа “Байзадагийн бүжигчид” хамтлагт байлаа. 8-9 бүжигчин байсны дотор таван охин нь дотно найзууд. Энэ үеийнхээ дурсамжаар би бахархан ярих дуртай. Бие дааж ажиллаж, эрч хүчийг нь мэдэрсэн сонирхолтой үе байлаа. Дуучин өөрийн гэсэн хамтлагтай байх хэв маягийг тэр үед Монголд бий болгосон санагддаг.
-Зунжин жуулчинд зориулсан тоглолттой байдаг болохоор гэр бүлийнхэнтэйгээ байгалийн сайханд аялах боломж ховор олддог байх даа?
-Байнга тоглолттой байдаг. Манайхан 3-4 жилийн өмнөөс нь долоо хоногтоо хоёр өдөр амарч, хууль ёсны эрхээ эдэлдэг болсон. Өмнө нь өдөр бүр ажилладаг байлаа. Өнгөрсөн жил бид тохиролцоод нэг сар амралтгүй ажиллаад, арав хоног амарч үзсэн. Тэгэхэд гэр бүлийнхэнтэй Хустайн нуруугаар аялж, цөөхөн хоног ч гэсэн сайхан амарсан. Амралтын хоёр өдрөө гэр бүлээрээ кино үзэх дуртай. Манай нөхөр холливудын шинэ кино үзэх дуртай болохоор бүгдээрээ шуугиад л гарна шүү дээ. Гэхдээ би бямба гаригийн өглөө бүр дасгалдаа явдаг. Хүнд хөдөлгөөн чухал учраас бүжгийн дасгалаас гадна фитнесээр хичээллэдэг юм.
-Шавьтай болсон уу?
-Би нэг удаа бүжиг заалаа. Хааяа ер нь заадаг л даа. Ингээд хий гэхээр нөгөө хүн хүссэнээр хийж чадахгүй бол би загнаад ч байгаа юм шиг эвгүй болоод ирдэг. Багшлах ур ухаан гэж өөр юм билээ. Өөрийнхөө хүүхдэд ч бүжиг заахдаа би “үгээ хэлсэн”. Дөрөвхөн хөдөлгөөн тогтоохгүй байна уу л гээд байгаа юм. Гэтэл хүн болгоны хүлээн авах байдал өөр шүү дээ
-Аав, ээж хоёр нь аль бага байхаас нь охиноо бүжигчин болгоно гэж зорьсон болохоор одоо сайн бүжигчин болсныг нь хараад баярладаг байх даа?
-Аав, ээж хоёр маань намайг зурагтаар хараад баяр хөөр болдог юм. Хүн зорилгодоо хүрч сайн явбал ижий, аавынхаа ачийг бага ч гэсэн хариулдаг юм болов уу даа. Аав минь жилийн өмнө бурхан болсон болохоор энэ тухай ярихад хэцүү байдаг юм. Өөрийн эрхгүй л нулимс гардаг. Ноднин тоглолтынхоо төгсгөлд яруу найрагч Чулуунцэцэгээр аав, ээждээ зориулан шүлэг бичүүлээд жүжигчин Баясгалангаар уншуулж, би өөрөө бүх бүжгийнхээ хөдөлгөөнийг нэгтгэн бүтээл хийсэн. Эх хүн болохоороо ээж, аавынхаа ачлал, энэрлийг илүү их боддог юм байна.
Залуу байхад би яагаад өөрийнхөөрөө байж болдоггүй юм гээд л зөрүүдэлж байсан. Тэгвэл миний аав, ээж намайг зөв замд хөтөлж, чиглүүлсээр өдий зэрэгт хүргэжээ. Т.Содгэрэл долоохон настайдаа ил захидал дээрх охин шиг болно гэж зорьсон бол одоо өөрөө ил захидалд дүрээ мөнхөлсөн бүжигчин болжээ. Намба төрх, ааль зангаараа огтхон ч адилгүй бүжгийн дүрүүдийг амилуулж, мөрөөдлөө биелүүлж яваа түүний үлгэрлэн дагадаг бүжигчин нь Д.Энхгэрэл гэсэн.
Ж.СОЛОНГО