“Гэгээн Муза” наадмын ганц хүний жүжгийн төрлийн шүүгч, ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын театрын их сургуулийн моно драмын форумын дэд ерөнхийлөгч Нина Мазуртай ярилцлаа.
-Монголд анх удаа ирж байна уу?
-Тийм ээ. Энэ жил Монголд айлчилсан маань миний амьдралд тохиосон томоохон үйл явдлуудын нэг боллоо. Өмнө нь танай улсын тухай их уншиж байсан. Монголын түүх, цаашдын ирээдүйд баттай итгэж, хүндэтгэдэг. Дахин ирнэ гэдэгтээ ч итгэж байна. “Гэгээн Муза” наадмын тухай сэтгэгдлээсээ хуваалцмаар санагдлаа. Зохион байгуулалт өндөр түвшинд байгааг юун түрүүнд онцолъё. Энэ наадмын ерөнхий зохион байгуулагч С.Сарантуяа үнэхээр чадварлаг удирдагч, түүний бүрд үүлсэн зохион байгуулах баг ч бас мундаг юм байна. Ганц хүний жүжгийн төрлийг шүүхэд бэрхшээл тулгарна гэдэг нь шууд мэдрэгдэж байна.
Энэ наадамд оролцож буй жүжигчид хүмүүний нигүүлсэх сэтгэлийн тухай гүн ухааны жүжгүүд сонгон толилуулж байгаа нь анхаарал татлаа. Дайн дажин, үймээн самуунтай, арьс өнгөний болон шашны үзэлд тулгуурласан сөрөг үзэгдэлтэй байгаа үед энэ наадмаар дамжуулж чин сэтгэлийн энэрэл хайрыг дэлгэрүүлж байгаа нь сайхан юм. Энэ наадамд оролцож буй, ЮНЕСКО-гийн дэргэдэх театрын их сургуулиудын суурин төлөөлөгч Намсрайн Сувдын үйл ажиллагааг бас онцолмоор, сайшаамаар байна. Олон мянган жилийн түүхтэй танай улсыг өсөж өндийх боломжтой бодь бие мэтээр төсөөлж байна. Үзэсгэлэнтэй бүсгүйчүүд, хатуужилтай эрчүүдийн орон юм. Бас өөртөө итгэлтэй, ирээдүйдээ итгэж буй залуусын орон гэдэг нь мэдрэгдэж байна.
-Энэ нь танд юунаас мэдрэгдсэн бэ?
-Оновчтой асуулт байна. Мэдээж танай улсын тухай дэлгэрэнгүй мэдэхийн тулд удаан хугацаанд амьдарч үзэх хэрэгтэй. Зочин бүр өрөөсгөл талаас нь тухайн улсыг дүгнээд л өнгөрдөг. Энэ байх л асуудал. Гэвч кофе шоп, театрт миний харсан залуусын биеэ авч яваа байдал, хоорондын харилцаа нь соёлч боловсон, өндөр түвшнийх санагдсан. Миний энэ сэтгэгдэл буруу биш гэдэгт ч итгэхийг хүсэж байна. Эртний нэг зүйр үг байдаг. Аливаа улсын өндөр настнууд болон өсвөр үеийнхнийх нь биеэ хэрхэн авч яваа байдал, амьдралыг нь ажиглаж үнэлж дүгнэвэл тэд ямар түүх туулсан, хойч үе нь ямар байх харагддаг. Мэдээжийн хэрэг танай улсын ирээдүйг авч яваа төрийн түшээд энэ зүйр үгийг мэддэг байх.
-Монгол жүжигчдийн онцлог гэхээр зүйл танд ажиглагдсан уу?
-Монгол жүжигчдийн чадварлаг байдал нь Оросын сонгодог театрын суурин дээр бий болсон нь мэдэгдэж байна. Гэвч энэ бол зөвхөн суурь шүү дээ. Аливаа суурин дээр баригдаж буй барилга нь тухайн улсын заншил, соёл, хүмүүсийн биеэ авч яваа ерөнхий онцлогуудаас хамаардаг. Танай улсын жүжигчид нээлттэй, сэтгэлээ чөлөөтэй, зоригтой илэрхийлж чаддаг шиг санагдсан.
-Мэргэжлийн ур чадварын хувьд юуг анхаарвал зохилтой вэ?
-Дэлхийд өөрсдийгөө нээх боломжууд байна. Олон улсын театруудын хөгжилд буй сайн зүйлсийг монгол жүжигчид өөрсдөдөө шингээж авах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, танай соёлд сөргөөр нөлөөлөх, ёс заншлаас эсрэг тэсрэг зүйлсийг заавал даган дуурайх гэлгүй, зоригтойгоор үгүйсгэх нь дээр. Мэдээж хөгжлийн зөв гольдролд ороход шинэ бүхэнд нээлттэй хандах хэрэгтэй. Гэхдээ олж авсан туршлагадаа тулгуурлан шинэ зүйлсийг зөвөөр шүүн тунгааж хэрэглэхэд гол учир нь бий.
-Жүжигчин Ц.Баясгалангийн амилуулж, олон улсын наадмаас шагнал авсан “Би Эдит Пиаф байна” жүжгийн зохиолыг бичсэнээр тань монголчууд мэднэ. Бодит хүний дүрийг бүтээн бичнэ гэдэг хэцүү байх. Түүний талаар жүжиг бичих сэдэл хэрхэн төрсөн бэ?
-Аливаа хүн амьдралд нь тулгарсан бэрхшээл, үйлийн үрээ хэрхэн давж гарч байгаа нь надад сонирхолтой санагддаг. Эдит Пиафын байгалиас өгсөн гайхалтай авьяас чадвар нь хувь заяанд нь эмгэнэлтэйгээр нөлөөлсөн. Хэрвээ надаас “Яагаад ганц хүний жүжиг туурвидаг вэ” гэж асуувал ингэж хариулна. Сүмд лам нар хүмүүсийн нүглээ наминчлахыг сонсож суудаг. Тэгэхээр хүн тайзан дээр сэтгэлээ нээж, нүглээ наминчлахыг харж сонсох үзэгчдэд сонирхолтой байх. Тэр хүний оронд үзэгчид өөрийгөө төсөөлдөг. Түүний нулимсаар уйлж, инээдээр нь инээж, алдаанаас нь суралцдаг. Тэгэхээр бидний сэтгэл хөгжиж, боловсорно. Жүжигчдийн хөдөлмөрийг үнэхээр их хүндэтгэдэг.
-Тэгвэл ганц хүний жүжгийн зохиол бичдэг болсноор таны амьдралд юу өөрчлөгдсөн бэ?
-Өөрийгөө нэлээд баян болсон гэж боддог. Гэвч мөнгөөр баян гэсэн үг биш шүү. Зохиолын маань баатрууд миний сэтгэлд оршиж байдгаараа л онцлог байх. Энэ заримдаа хэцүү, зүрх шимширмээр. Гэхдээ миний бүтээлийг тайзан дээр тоглож бай хыг хараад би баясдаг. Яагаад гэвэл зөвхөн би л, миний сэтгэл л түүний амьдралыг харж байгаа юм биш, танхимд суугаа хүмүүс ямар нэгэн байдлаар мэдэрч байгаа гэж бодоод тэр.
-Түрүүн та “Эдит Пиафын байгалиас өгсөн гайхалтай авьяас чадвар нь хувь заяанд нь эмгэнэлтэйгээр нөлөөлсөн” гэсэн. Хэтэрхий гоо үзэсгэлэн, хэтэрхий авьяас билэг гээд хэтэрхий юм бүхэн хүнд гай зовлон болдог болов уу?
-Авьяас гэдэг том ачаа шүү. Энэ бол үйлийн үрийн ачаа. Авьяастай хүн тэрийгээ үүрээд уулын өөд мацаж байна л гэсэн үг. Уулын оргилд ачаагаа чирэн гарч чадвал гайхалтай сайхан орчныг харж болно. Авьяасыг бурхнаас өгсөн даалгавар, өндөр үүрэг хариуцлага гэж ойлгох хэрэгтэй. Гайхалтай авьяастай эмэгтэйчүүдийн хувийн амьдрал аз жаргалтай гэж үү? Эдит Пиафаас ингэж асуусан бол тэр миний бодлоор “Тийм ээ би дуулдаг. Дуулснаараа аз жаргалтай байсан” гэж зоригтой хэлэх байсан болов уу.
-Түүний дүрийг амилуулсан Баясгалангийн тухайд юу хэлэх вэ?
-Тэр жүжгийг Баясгалан амжилттай тоглосон. Олон улсын хэд хэдэн наадамд тэр жүжгээр оролцсон шүү. Баясгалан бас гайхалтай дуулдгийг энд онцлох хэрэгтэй.
-Дотроо бясалган бичсэн зохиолуудыг тань жүжигчид таны сэтгэлд хүртэл амилуулж чаддаг уу?
-Хэрвээ миний сэтгэлд нийцэхгүй байвал би л муу бичиж дээ гэж өөрийгөө буруутгана. Жүжигчдийн хөдөлмөрийг үнэхээр их хүндэтгэдэг. Зохиолын баатрын бодол санаа миний сэтгэлээс цаасан дээр буудаг. Харин тухайн дүрийн амьдралаар жүжигчин хэсэг хугацаанд амьдардаг. Зүйрлэвэл, аливаа эмэгтэйг өөрт нь зохиогүй, өөрт нь зориулж оёогүй даашинзыг өмсгөөд тайзан дээр гаргаж буйтай адил. Тэр даашинзыг өмсөөд гоё харагдахыг эрмэлзэх хэрэгтэй. Шинэ даашинзаа гайхуулахдаа биш, хамгийн гол нь танхимд суугаа хүмүүст шинэ соргогыг үзүүлж мэдрүүлэхэд учир байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол энэрэнгүй хөдөлмөр.
-Хүмүүсийн амьдралаас чухал хэсгүүдийг нь түүн хураангуйлбал хүн бүрийн амьдрал сонирхолтой жүжиг болж чадах уу?
-Энгийн хүн гэж байдаггүй. Хүн бүрийн амьдрал тэр чигээрээ онцгой. Би заримдаа өөрийн амьдралаас гарч тэнгэр рүү нисээд, доошоо харвал олон хүнийг илэрхийлсэн гайхалтай хээ хуарыг олж харах байх даа гэж төсөөлдөг.
-Жүжигтээ онцолж буй баатруудын сэтгэл зүй, онцлогт таны мөн чанараас хэр их шингэсэн байдаг бол?
-Ямар ч байсан би жүжигтээ тусгаж байгаагаа өөрийнхөө амьдрал гэж хэзээ ч үздэггүй. Үүнийг зүйрлэвэл, эх хүн хүүхдээ ажиглаж байгаатай адил байх. Жүжгийн дүрүүд маань бодит амьдрал дээр байсан бол тэднийг би төрүүлсэн гэж болно. Жишээлбэл, Эдит Пиаф бол өөрийн амьдралтай бодит хүн. Харин миний жүжигт байгаа Эдит Пиаф бол миний л төсөөлөл шүү дээ. Тэр хүн яаж амьдарч байсныг ажиглаж л илэрхийлсэн хэрэг.
-Жинхэнэ Эдит Пиаф таны жүжгийг уншсан бол юу гэх байсан бол гэж бодож байсан уу?
-Би төсөөлж байсан. Тэр миний хажууд суугаад, богино хар даашинзныхаа хормойг өвдгөн дээрээ хөөрхөн гэгч нь тэнийлгэчихээд над руу харж “Нина би үнэхээр ийм хүн юм гэж үү” гэж асуух байсан даа. Тэгэхээр нь би “Тийм ээ, чамайг иймэрхүү л гэж боддог” гэнэ. Тэр үед Эдит Пиаф над руу жуумалзаад “Би чамд дуулаад өгөх үү” л гэх байсан болов уу.
-Ганц хүний жүжиг бичих бусад төрлийнхийг туурвихаас юугаараа ялгаатай вэ?
-“Гэгээн Муза” дууссаны дараа би ганц хүний жүжиг хэрхэн бичих талаар хичээл заах юм. Таны асуулт миний хичээлийн сэдэвтэй хамааралтай юм байна. Ганц хүний жүжиг хэрхэн, яаж бүтдэг, ямар онцлогтойг богинохон хариулж чадахгүй л болов уу.
-Та ярилцлагын эхэнд “Дэлхийд дайн дажин их байна” гэсэн. Ийм цөвүүн цагт уран бүтээлчид хэрхэх ёстой юм бол?
-Би энэ асуултад маш хялбархан хариулна. Яагаад гэвэл миний үзэл бодол, байр суурь тодорхой. Би энэ хорвоод гэрэл гэгээтэй, халуун дулаан үйлдлийн тоог нэмэх даалгавартайгаар ирсэн гэж боддог. Би театрын урлагийн наадам зохион байгуулах бүртээ олон улсын жүжигчдийн найрамдал, халуун дулаан уур амьсгалыг мэдрээд “Миний хөдөлмөр хоосон дэмий зүйл биш юм байна” гэж баясаж, таашаал авдаг. Хоорондоо дайтаж байгаа улсын жүжигчид тайзан дээр, наадмын бусад цагаар жижиг кафед мөр зэрэгцэн суухдаа бие биенийхээ зүрхний цохилтыг хүртэл мэдэрдэг. Тийм дотно ээнэгшсэн хүмүүс дайн болж байсан ч дараа нь муудалцахгүй гэдэгт би итгэхийг хүсдэг.
Б.ДӨЛГӨӨН