Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулга 1989 онд байгуулагдсан түүхтэй. Үндэсний урлагаа олон нийтэд сурталчлах зорилготой эл чуулга өдий хүртэл санхүүжилтээ өөрсдөө бүрдүүлж, амжилттай ажиллаж байгаа гайхам хамт олон билээ. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл тасралтгүй өдөр бүр тоглолт хийдэг тус чуулга 30 гаруйхан уран бүтээлчтэй ч бүгд авьяас чадвараараа салбарынхнаа манлайлан явдаг нь олзуурхууштай. Тэдний дундаас бүжигчин Т.Содгэрэл саяхан оны шилдэг уран бүтээлчид олгодог “Мөнгөн мод” цомыг гардаад байгаа юм. Уртын дуучин Г.Бямбажаргал, Б.Мөнхбаатар гээд энэ цаг үед хоолойгоо “гайхуулж” яваа шилдгүүд, хэдийнэ ард түмэндээ үнэлэгдсэн гавьяат жүжигчин Ц.Үенч, Ц.Чимэдцэрэн нар ч энэ ам бүлийн гишүүн.
Энэ жил “Түмэн эх” чуулгынхан дөрвөн өөр хөтөлбөр боловсруулан тоглож байгаа. Даваа гаригт язгуур урлагаа тодруулж, уртын дуу, бөөгийн бүжиг, биелгээг үзэгчдэд хүргэж байгаа бол мягмар гаригт “Алтайн магтаал”, “Цастын өөлд” бүжиг, “Үүлэн бор”-оор тайзны урлагийг танилцуулж буй. Харин өчигдөр орой бид “Этник” тоглолтыг үзэж М.Мөнгөнцэцэгийн дэглэсэн “Сугсраан донж”-ийн хэмнэлд орж Б.Мэнд-Амарын “Ажнай хүлэг”-ийн сонсож, О.Цэцэглэнгийн уран нугаралтыг үзэж сонирхлоо. Монгол ахуйг харуулж, буддын шашны зан үйлийг үзүүлсэн “Цамын бүжиг” жуулчдын анхаарлыг гойд их татав. Тоглолтын дараа их бүрээнд гар хүрч үзээд л, цан, хэнгэрэгийг сонжин харж, гэрэл зураг татуулах тэдний хувьд энэ үдшийн тоглолт цоо шинэ нээлт байсан бололтой.
Өнгөрсөн жил 20 гаруй мянган жуулчдад тоглолтоо хүргэсэн энэ хамт олон энэ жил 460 гаруй сая төгрөгийн төсөв бүрдүүлэх зорилготой ажиллаж байна. Монгол ардын уртын дуу, ардын дуу, ардын хөгжим, хөөмий, магтаал, тууль, ардын бүжиг, уран нугаралт, бөөгийн бүжиг, цамын бүжгээр үзэгчдийн мэлмийг баясгадаг “Түмэн эх”-ийн тоглолт өдөр бүр 18.00 цагт болж байгаа учраас үндэсний урлагт хайртай монгол үзэгчдээ ч тус чуулгынхан урин залж байлаа.