Энэ сарын 17-нд албан ёсоор эхэлсэн олон улсын “Гэгээн Муза” наадмын нэг хүний жүжгийн төрөлд өрсөлдөж буй “Гараа надад өгөөч” жүжгийг өчигдөр Хүүхэлдэйн театрын их тайзнаа толилууллаа. ОХУ-ын ардын жүжигчин Николай Горохов энэ жүжгээрээ дамжуулан ХХ зууны Оросын шүлэг, найргийн том төлөөллийн нэг алдарт В.Маяковскийг монгол үзэгчидтэй “уулзуулав”.
Октябрийн хувьсгал, социалист нийгэм байгуулахаар ханцуй шамласан ажилчин анги бол Маяковксийн үзэл бодлын төлөвшилд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүчин зүйл гэдэг. Амьдралынх нь зам мөр коммунизмтой салшгүй холбоотой хэмээн итгэж нийгмээ, намаа, хувьсгалч нөхдөө магтан дуулж явсан залуу Маяковскийн үзэл бодол, философи, ертөнцийг харах өнцөг нь хэрхэн өөрчлөгдсөнийг бүтээлүүд нь “ярьж” өгдөг юм. Нэг хэсэг марксизмыг тэнхээгээрээ магтаж байсан түүний дотоод ертөнцөд асар хүчтэй хар салхи болсныг судлаачид тэмдэглээд уран бүтээлийг нь таван хэсэгт хуваадаг юм билээ. Мөн В.Маяковский уламжлалт аргаас тэс өөрөөр, шаталсан хэлбэрээр шүлэглэж Оросын яруу найргийн түүхэнд шинэчлэл хийсэн гэдэг. Тэрбээр аливааг үргэлж үгүйсгэдэг байсан нь өөртэйгөө зөрчилдөж, тэмцэж ирсэн зантай нь холбоотой гэх. Түүний намтар, түүх, уран бүтээлийг нь уншихад ч Маяковский хэмээх хувь хүн, яруу найрагчийн өөртөө итгэлгүй хандлага, шийдвэр гаргахдаа эргэлзэж, дүлэгнэдэг байсныг нь мэдэж болно.
Түүний энэ олон “царайг” харуулж, сэтгэл дэх шуургыг нь мэдрүүлсэн бүтээлүүдийг холбон найруулж, тайзны бүтээл болгосон нь тун сонирхолтой санагдлаа. Яагаад ч юм бэ, Зөвлөлт засгийн үеийн зөрчил, булхай өнөө цагт манай нийгэмд цухалзаад байгааг энэ жүжгээр хэлээд байх шиг сургамжтай санагдсаныг дурдах хэрэгтэй болов уу.
Төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд “В.Маяковскийн бүтээлүүдээс түүвэрлэн, амьдралынх нь үеүдийг өгүүлсэн жүжиг болгох санаа нь тун өвөрмөц, сонирхолтой юм. Шүлэг, найргуудыг холбон жүжиг тавьж болдгийг харууллаа” гэсэн бол Маяковскийг Монголд “авчирсан” Н.Горохов “Маяковский бол агуу найрагч. Бид түүний бүтээлүүдийг зориуд сонгож авсан. Орчин цагт урлагийг дэндүү хялбаршуулан, чамирхаад, үйл явдлын ямар ч өрнөлгүйгээр, өнгөцхөн илэх байдлаар илэрхийлдэг болсон нь харамсалтай. Тиймээс бид хүмүүст, ялангуяа залуучуудад шүлэг, найргийн амт, эрч хүч, уран сайхан, яруу тансаг үг хэллэгийг мэдрүүлж, сонсгохыг хүссэн юм” гэлээ.
ОХУ-ын Владимирийн драмын эрдмийн театрын жүжигчин Николай Горохов танд баярлалаа. Монголчуудын сэтгэлд пролетарийн дууч хэмээн дүрслэгдэн үлдсэн В.Маяковскийг илүү өргөн хүрээтэй, хүн талаас нь ойлгоход энэ жүжиг бага ч гэсэн нэмэр болсон байх гэж найдна.
Энэ жүжгийн үеэр ажигласан өөр нэг зүйл гэвэл манайд театрын үзэгчдийн шинэ үе хэдийнэ бэлтгэгджээ. Орос хэлээр, тэгээд тэр бүр хялбархан ойлгогдохгүй шүлэг, найргийн хэллэгээр хүргэсэн эл бүтээлийг зорин ирж үзсэн үзэгчдийн олонх нь залуучууд болон өсвөр насныхан байсан нь тун талархууштай санагдлаа.
Дашрамд өгүүлэхэд, Монголын театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн Муза” наадам сүүлийн жилүүдэд хүрээгээ тэлж буй. Олон улсын уран бүтээлчид Монголыг зорин ирж, ур чадвараа өрсөлдүүлэхийн зэрэгцээ туршлага солилцдог болсон. Тиймээс эл арга хэмжээг Олон улсын театрын институтийн 34 дэх их хурлаар хэлэлцээд, олон улсын наадмын түвшинд хүрснийг онцлон, баталгаажуулсан юм билээ. Тэгэхээр энэ жил буюу 12 дахь удаагийн олон улсын “Гэгээн Муза” наадамд Монгол, Орос, Косово, Эстони, Швейцарь, БНСУ, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ы театрын мастерууд оролцож хөгжимт, хүүхдийн, нэг хүний жүжгийн төрлөөр өрсөлдөж буй. Энэ жил “Хүүхэд оролцооны бүтээл” гэсэн төрөл нэмэгдсэн. Харин хамгийн гол буюу драмын жүжгийн төрлийг энэ удаа өнжүүлэх болсноо наадам зохион байгуулагчид нь “Өрсөлдөхүйц буюу шаардлага хангасан бүтээл байгаагүй” гэж тайлбарласан.