Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Нисэгчийн дуу”-г хэн сайн дуулах вэ” улсын уралдааны ялагчийг өчигдөр тодрууллаа. Уралдаанд мэргэжлийн дуучид болон урлагийн сургуулийн оюутнууд, ардын авьяастнууд оролцсон юм. Анх улсын гавьяат жүжигчин Д.Дашнямын дуулснаар олны хүртээл болсон энэ дууны шүлгийг Л.Дагвадорж, хөгжмийг Т.Насанбуян бичжээ.
Хоёр үе шаттай уралдаанд 25 оролцогч шалгарснаас тэргүүн байрыг залуу уран бүтээлч Э.Сүнгэрэл хүртсэн юм. Харин тусгай байрт гурав, шагналт байрт гурван дуучин шалгаруулжээ. Э.Сүнгэрэлийн сэтгэгдлийг сонсвол “Энэ маш өвөрмөц тэмцээн боллоо. Зөвхөн баритон хоолойтой дуучид нэг дуу дуулж өрсөлдсөн. Миний хувьд энэ их утга учиртай дуу. Хамгийн анхны тэмцээндээ энэ дууг дуулж оролцоод тусгай байрт шалгарч байсан юм” гэв.
“МИАТ” ХК, ИНЕГ-аас хамтран зохион байгуулсан эл уралдааныг цаашид жил болгон уламжлал болгон явуулах юм байна.
Х.АЗЖАРГАЛ