Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачлан байгуулсан “Балетын хөгжил” сан 2011 оноос хойш жил бүр дэлхийд алдартай балетын жүжигчдийг эх орондоо урин тоглуулж, сонгодог урлагийг сурталчлан, үзэгчдээ уриалан дуудаж байсан бол ирэх сард “Welcome to Mongolia 2015” олон улсын балетын наадам зохион байгуулахаар болжээ.
Зургадугаар сарын 18, 19-нд болох эл наадмын продюсерээр Д.Алтанхуяг ажиллахын зэрэгцээ алдарт бүжиг дэглээч Фан Игийн түүнд зориулан дэглэсэн бүтээлийг анх удаа амилуулах юм.
Олон улсын балетын наадамд АНУ, Куба, Испани, Япон, Казахстан, Тайвань, Гүрж, Оросын шилдэг бүжигчид оролцох юм. Тэд сонгодог бүжгийн оргил бүтээлүүд болох “Хунт Нуур”, “Ромео Жульетта”, “Камеллиа Хатагтай”, “Корсар”, “Мулен Руж”, “Травиата” зэрэг бүжгэн жүжгийн хэсгээс Монголын үзэгчдэд толилуулах юм байна.
Өнөө цагт улс бүрийнхээ балетын тайзыг эзэгнэн, алдаршиж яваа шилдэг бүжигчид манай улсад хоёр өдөр тоглочихоод шууд Япон улсыг зорих юм билээ.
Эх орноо сонгодог урлагаар дамжуулан дэлхий нийтэд сурталчлах том зорилгоо биелүүлж яваа, Монгол Улсын соёлын элч Д.Алтанхуяг өнгөрсөн онд “Цөмөөхэй” балетыг шинэчлэн найруулж, долоо хоногийн турш бяцхан үзэгчдээ театрт урин залсан юм. Монголын балетын урлагт шинэ салхи оруулж, уран бүтээлчдээр нь дамжуулж олон улсад сонгодог урлагийн хөгжлөө сурталчилж яваа тэрбээр анх “Pointe” сэтгүүлд ярилцлага өгч дэлхийн шилдэг бүжигчдийг эх орондоо ирэхийг урьж байсан билээ. Тэгвэл энэ ажил биеллээ олж ирэх сард монголчууд шилдгүүдийн тоглолтыг үзэх боломжтой боллоо.