Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Чойжин ламын сүм музейгээс “Нисванис” үзэсгэлэн нээж, “Рокерууд музейд” өдөрлөг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хайрцган дахь музей” арга хэмжээ зохион байгууллаа. Энэ жил “Музейн тогтвортой хөгжил нийгмийн төлөө” уриатайгаар олон улсын музейн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ өдөрт зориулсан үзэсгэлэнд нисванисын буруу сэтгэл болох хүсэл тачаал, уур омог, мунхаг гурвыг дарсны бэлгэдэл болсон үзмэрүүдийг дэлгэсэн байна. “Нисванис” үзэсгэлэн энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ.
Мөн тус музейд зочилсон рокерууд Чойжин ламын сүм музейн хашаанд мод тарьж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амарч буй хүүхдүүдэд “Хайрцган дахь музей”-г танилцуулсан юм. Түүнчлэн тэд тус музейгээс Чингисийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэсэн маршрутаар аялж Олон улсын музейн зөвлөл (ICOM) болон тус зөвлөлийн Монголын үндэсний хороог олон нийтэд таниулан сурталчилсан юм.
Түүнчлэн олон улсын музейн өдрөөр Монголын үндэсний музейд “Алтан титэм” музейн боловсролын хөтөлбөр хэрэгжиж 45 дугаар сургуулийн 2д ангийн сурагчид Түрэгийн Билгэ цэцэн хаан, Культеген жанжин, мэргэн Тоньюкук болон ард иргэдийн дүрд тоглож, Культегений гэрэлт хөшөөнд сийлэгдэн үлдсэн үгсийг хэлж өөрсдийгөө хаан, жанжин, мэргэн сайд хэмээн төсөөлөн жүжигчилсэн тоглолт хийсэн байна.