“МN-25 дугаар суваг” телевизийнхэн сонсогчдын сэтгэлд хоногшсон хуучны бүтээлүүдийг сэргээн жил бүр “ХХ зууны хит дуунууд” тоглолт зохион байгуулдаг билээ. Бөхийн өргөөнд ирэх баасан гаригт болох 11 дэх удаагийн тоглолтод ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, С.Батсүх, У.Далантай, С.Эрдэнэцэцэг, Ж.Уранчимэг нарын 28 дуучин ая дуугаа өргөх аж. Уг арга хэмжээг санаачлагчдын нэг, хөгжмийн зохиолч, судлаач Р.Энхбазараас цөөн асуултад хариулт авлаа.
-Энэ удаагийн тоглолт юугаараа онцлог юу вэ?
-Урьд нь “МN-25 дугаар суваг” телевизийнхний нэр заасан 25 бүтээлийг дуучид амилуулдаг журамтай байсан. Энэ удаа уран бүтээлчид өөрсдөө бүтээлээ сонгон дуулна. Дууны жагсаалтыг үзээд “Сонирхолтой сайхан бүтээлүүдийг сэргээх нь” гэсэн бодол төрлөө.
-Энэ тоглолтыг санаачилсан үеэ дурсана уу?
-“XX зууны хит дуунууд” тоглолтыг 2004 онд анх би санаачилж, А.Авирмэд дэмжиж төсөл болгосон. Рок, попын залуу дуучид XX зууны дуунуудыг сонирхож, дуулж эхэлсэн тийм цаг үетэй давхцаж, ахмад үеийнхний туурвисан дуунуудыг нийтийн хүртээл болгох зорилгоор зохион байгуулах болсон хэрэг. Тухайн үеийн дуунуудын аялгуу, үг сайн байсан учир техник технологи хөгжсөн, хөгжмийн зэмсгийн агуулга сайжирсан үед шинээр найруулж, сонсогчдыг хуучны бүтээлүүдээр дахин амьсгалуулахыг зорьсон.
Тухайн үедээ уралдаан хэлбэртэй байлаа. Тухайлбал, зохион байгуулагчдын зүгээс 25 дуу санал болгоно. Нэг дууг хэчнээн ч дуучин өөрийн бодож, сэтгэж найруулснаар дуулах боломжтой байлаа. Уралдаанд 300 орчим хүн оролцсон. 25 дуу тус бүрт гурван дуучин шалгаруулж, Бөхийн өргөөнд үзэгчидтэй хамт шилдгүүдийг нь тодруулсан.
-Энэ уралдаанд оролцсоноос хойш олонд танигдаж, уран бүтээлээ туурвисан дуучин хэр олон бэ?
-ҮДБЭЧ, Төмөр замын дуу бүжгийн чуулгынхан, уран сайханчид, оюутнууд гээд сонирхсон хүн бүр оролцож байлаа. Шинэ дуучин төрөхөөсөө илүү хуучны дуунуудаа амилуулсан ач холбогдол нь их байх. Энэ тоглолтыг зохион байгуулж эхэлснээс хойш нийтийн дуучид, роп попынхон XX зууны дуунуудыг сэргээн дуулах моод дэлгэрсэн гэж болно. Өдгөө ч гэсэн дуучид хуучны ямар сайхан дуу байна вэ гэж эрэл хайгуул хийж байна. Ийм ач холбогдолтой үйл ажиллагааг “МN-25 дугаар суваг” телевизийнхэн нэгэнт санаачилсан болохоор жил бүр алгасалгүй зохион байгуулах биз ээ.
Б.ДӨЛ