Монгол Улсаа төлөөлөн “Азийн авьяастнууд” шоунд “Хөсөгтөн” хамтлаг оролцож хоёрдугаар байр эзэлсэн. Эл нэвтрүүлгийн үеэр тэдэнд багагүй бэрхшээл тохиолдож байсан талаар хамтлагийнхан ярилаа. Зохион байгуулагчдын өгсөн хоёр минутад багтаан тоглолтоо дэглэж, бүх зүйлээ үзүүлнэ гэдэг хүндрэлтэй байсны дээр Сингапур, Малайз улс чийглэг уур амьсгалтай учраас зарим хөгжмийн зэмсгийнх нь утас сунах зэрэг асуудалтай тулгарч байжээ.
Мөн үзэгчид, шүүгчид Монголоос ирсэн гэдгийг нь сонсоод санаанд оромгүй зүйл асууж байжээ. Жишээлбэл, шоуны продюсер Дэвид Постер “Бид монголчуудыг морь унаж давхисан малчин хүмүүс байдаг гэж боддог, танайд телевиз байдаг уу” гэж асуухад тэд хариуд нь Монголын соёл, уламжлал, одоогийн нийгмийн амьдрал, хөгжлийн талаар тайлбарлаж өгчээ.
Ийнхүү эх орноо сурталчлаад ирсэн “Хөсөгтөн” хамтлагийнхныг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өчигдөр хүлээн авч, баяр хүргэлээ. Энэ үеэр хамтлагийн залуу уран бүтээлч Х.Уламбаярыг соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан юм. Хамтлагийн морин хуурч О.Чулуунбаатар “Энэ шоунд оролцсоноор манай ардын урлаг бол биднийг дэлхийд таниулах хаалга гэдгийг харууллаа” гэв.
“Хөсөгтөн” хамтлагийнхны талаар сонирхолтой мэдээлэл хүргэе.
Х.АЗЖАРГАЛ