Дуурь бүжгийн эрдмийн театрын авьяаслаг залуу, тенор хоолойтой дуучин Бямбажавын Гомбо-Очиртой ярилцлаа. Тэрбээр Ж.Вердийн “Аида” дуурийн Радамесийн дүрээр ДБЭТ-ын босгыг алхаж, 2011 оноос хойш энэ тайзнаа дуулж буй. Залуу, туршлага багатай хэдий ч чадалтай хоолойтой хэмээн мэргэжил нэгтнүүд нь түүнийг үнэлдэг. Буржгар үс, цээл хоолойгоо брэнд болгосон энэ залуу оюутан байхдаа л ОХУ-д болсон Ким Базарсадаевын нэрэмжит уралдааны тэргүүн шагналыг хүртэж тодорсон юм. БНСУ-д “Чио Чио сан” дуурьт дуулж, ОХУ-ын Их театрын тайзнаа уран бүтээлч нөхдийнхөө хамт гарсан гээд түүнд онцлох амжилт олон.
БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
Ж.Верди “Аида”-Радамес
Ж.Пуччини “Богема”-Рудольф
Ж. Верди “Риголетто” - Борса
П.И.Чайковский “Евгений Онегин”-Трике
Б.Шарав “Чингис хаан”-Тэнүүлч
Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой”-Тэрэгч
Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс”-Хятад
2014 оны гуравдугаар сарын 27-нд ДБЭТ-т гоцлол дуучин Г.Шижирболд, Б.Батжаргал нартай хамтарсан “TRE TENORI” сонгодог тоглолт хийсэн.
-ДБЭТ-ын гоцлоочоор дөрвөн жил ажиллажээ. Өөрийн болгосон хэчнээн дүртэй вэ?
-4-5 гол дүр бий. Туслах дүр бол олон.
-Манай баритон хоолойтнууд ОХУ-д болсон аль ч тэмцээний түрүү, аман хүзүүд “давхих” болжээ. Харин тенорууд арай намдуу байна уу даа.
-Үгүй ээ. Сайн тенорууд байна шүү дээ. Саяхан манай Батжаргал Ким Базарсадаевын уралдааны гран приг авсан. Өөр уралдаанаас ч тенорууд маань шагнал хүртэж байна.
-Гомбо-Очир сүүлийн үед өөрийгөө уралдаанд “сойхгүй” байна уу даа?
-Тийм ээ. Ажил, амьдрал гээд өрнүүн л явах юм. Насны хязгаар 32 байдаг болохоор ойрын 2-3 жилдээ том уралдаанд бэлтгэн оролцох бодолтой байгаа.
-СУИС төгссөн ангийнхнаас тань театрт хэдэн хүн ажиллаж байна вэ?
-Гоцлол ангид Энхтайван бид хоёр л байна даа. Найрал дууны ангид манайхаас байхгүй. Түүнийг оюутан байхдаа нутгийнхаа хоёр залуугийн хамт монгол дууны попури дуулж, аливаа үйл ажиллагаанд оролцдог байсныг нь мэдэх юм. Гэтэл угтаа бол Гомбо-Очир эхлээд хөгжимчин нь байсан юм билээ. Нутгийн дуучин залуусынхаа хөгжимчнөөр ажилласаар туршлагажиж, тайлан тоглолт хийснээр түүний дуулах авьяас тодорчээ. Аав нь дуу хөгжмийн, ээж нь философийн багш аж. Тэрбээр ээжийнхээ мэргэжлийг өвлөн суралцана гэсэн бодолтой байсан ч нутагтаа тайлан тоглолт хийж дуулаад, уран бүтээлчдэд магтуулж, урамшаад СУИС-д элсэхээр болжээ.
-Ямар ямар хөгжим тоглодог байв?
-Касио, баянхуур, төрөл бүрийн үлээвэр хөгжим тоглодог байлаа. Намайг сургууль төгсөхийн өмнөх жил СУИС-аас Ичинхорлоо, Пүрэвхүү багш нар манай нутагт (Ховдод) ирж шалгалт аваад Төмөрсүх, Мөнхтөр ах тэнцэж байсан юм. Тэр жил бас л ирэх байх гэж бодтол ирээгүй. Ямар ч гэсэн СУИС-д л орчихъё, очоод учир нь олдох байх гэж санаад менежментийн ангийн хуваарь авсан. Гэвч энд ирээд хагас жил дэмий шахуу сурч, ангиа солиулах гэсэн ч өмнөх жил нь дуулаачийн ангид хангалттай олон хүүхэд авчихсан байсан болохоор яаж ч чадаагүй. Менежментийн ангид сурах хүсэлгүйн дээр сонирхолгүй санагдсаар хагас жилээр сургуулиа орхиод нутаг буцлаа. Тэгтэл холбоонд ажилладаг байсан манай нэг ах “Нутгийн салхи” уралдааны зарыг үзүүлээд “Зүгээр байхаар оролц” гэж зөвлөсөн. Эхний шатны шалгаруулалтад дүрс бичлэгээ илгээчихээд байж байтал дараагийн шатандаа ирж оролцохыг хүсэж, утсаар дууддаг юм байна. Хавар ч болж СУИС-ийн дуулаачийн ангид шалгуулах үе дөхөж байсан болохоор хотод ирж тэр уралдаанд оролцоод түрүүлсэн. Уралдааныг шүүсэн Жавхлан ах, Ганцэцэг багш, Сэр-Од багш намайг СУИС-д ороорой гэж зөвлөсөн. Ингээд л дуучин болсон доо.
-Тэгвэл мэргэжлийн дуучин, дуурийн дуучны талаар ойлголт багатай л мэргэжлээ сонгож байж дээ, тийм үү?
-Тийм ээ. Тухайн үед бидний хувьд од нь Жавхлан ах, Батсүх ах л байлаа шүү дээ. Гэхдээ би Ганбат гавьяатын дууг их дуулдаг байсан.
-Анх ямар дуурь үзэж байв?
-Бэлтгэл курсын оюутан байхдаа “Евгений Онегин” үзсэн. Нэлээд урт дуурь шүү дээ. Сүүлдээ залхах янзтай л гарч байгаа юм. Анх юугаа ч мэдэхгүй, багшийнхаа хэлснийг дуулаад л явдаг байлаа. Өдөр өдрөөр хөглөгдсөөр, мэргэжлийн уралдаанд оролцож амжилт гаргаад мэдрэмж нь илүү сайхан санагдаж сонгодог урлагийн хүн болсон доо. Багшийнхаа нэрэмжит уралдаанд амжилт гаргаснаас хойш бүр ч илүү дурласан.
-Гавьяат жүжигчин Д.Банди багшийн шавь бил үү?
-СУИС-д ороход намайг угтаж авсан багш бол гавьяат жүжигчин Д.Банди. Юу ч мэдэхгүй надад сэтгэл гаргаж, олон зүйл зааж сургасан ачтай хүн дээ, миний багш. Би багшийнхаа удирдлага дор гурван жил хичээллэсэн. Багш маань хорвоогийн мөнх бусыг үзүүлж, гавьяат жүжигчин Ичинхорлоо багш дээр хичээллэж, сургуулиа дүүргэсэн. Хоёулаа л миний хайрлаж, хүндэлдэг хүн.
-Цаашдаа ямар дуурьт дуулахыг хүсэж байна вэ?
-Нэрлэвэл олон л дуурь бий. Тенор хоолойтой дуучин дуулах бүх л дүрийн төлөө “шунана”.
-Ихэнх том дууриудыг манай театр тоглодог шүү дээ.
-Тийм ээ. Манайх урын сан арвинтай.
-Үргэлжлүүлэн сурах бодол бий юү. Манай дуучдын зарим нь ОХУ-д сурч байна. Итали руу хөл тавьсан нь ч бий.
-Оюутан байхад минь нэг том боломж олдож байлаа. Жавхлан ахыг Италийн мэргэжилтэн шалгаад сургахаар болсон тухай яриа гарч байсан даа. Тэр үед бас Ганцэцэг багш намайг шалгуулсан. Тэр хүнд дуулах маань таалагдаж авч явахаар болоод зардлаа цуглуулж эхэллээ. Ээж, аав хоёр минь жирийн багш нар болохоор мөнгө хөрөнгө гэх зүйл ихгүй. Талыг нь цуглуулж, тийзээ авчихаад, нэг хүнээс тусламж хүлээж байгаад бүтээгүй. Тэгээд л маргааш нь явна гэж байхдаа больж байлаа. Сурах тухай ярихаар энэ явдал дурсагдаж сэтгэл урагдах шиг болдог. Сэтгэл үнэхээр их хөөрч, баярлаж байсан юм л даа.
-С.Жавхлан ч бас яваагүй шүү дээ.
-Тийм ээ. Жавхаа ах “Миний нас хэд билээ. Харин чи залуу байна яв” гэж ярьж байсан.
-Очиж сураагүй хэдий ч БНСУ-д “Чио Чио сан”-д дуулж, Их театрт ая дуугаа өргөлөө. Гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, тэднээс суралцах давуу тал их байх даа.
-Их ээ. Би энд дуулаагүй байсан дүрдээ буюу “Чио Чио сан” дуурийг Горогийн дүрд очиж дуулсан юм. Солонгосын найруулагч маш чадварлаг бөгөөд нэг нот, тактыг ч өрж чаддаг авьяастай хүн. Одоо манайд “Травиата”-г найруулж байна. Тухайн үед дуулсан миний дүр жижиг хэдий хөдөлгөөн ихтэй байсан. Найруулагч болгоны арга барил, дуурийн өрөлт өөр болохоор их зүйл сурдаг юм байна.
-Ховд аймгаар овоглодог олон дуучин танай театрт байдаг уу?
-Олон шүү. Эрдэнэтуяа эгч Чандманийх. Дариймаа эгч Эрдэнэбүрэнгийнх. Тэгээд л Мөнхтөр, Хадхүү, Батжаргал эгч гээд нэрлэвэл олон хүн бий. Би Чандманьд төрж, аймгийн төвд өссөн боловч аав минь Зэрэг сумын хүн л дээ.
-Аав нь хөгжмийн мэргэжилтэй болохоор хүүгийн сонсгол багаасаа хөгжиж дээ.
-Тийм ээ. Аав маань аймагтаа Үлээвэр найрал хөгжмийн удирдаач байсан. Цэргийн хүмүүс эрт тэтгэвэрт гардаг болохоор дараа нь дуу хөгжмийн багш болсон. Дунд сургуулийн сурагчдаас бүрдсэн үлээвэр найрал хөгжмийг аав минь бий болгож байлаа.
-Тайзан дээр та буржгар үсээрээ тод ялгардаг шүү.
-Дүр болгонд хувиргалт байдаг ч миний үс энэ янзаараа байдаг. Манайхан намайг европ төрхтэй гэдэг юм. Сонирхолтой нь, өнгөрсөн жил Солонгост “Чио Чио сан”-д дуулахад тэр театрын нүүр хувиргагч миний үсийг индүүдээд хоёр хувааж самнаад огт өөрөөр будсан. Нэг том дух харагдаад эвгүй юм билээ. Өөртэй нь усны дусал шиг адилхан Ионес Кауфман хэмээх Германы тенорын дуулахыг сонсох тэр илүү дуртай гэсэн. Нэг хөөрхөн ханхүү, өхөөрдөм гүнжийн аав болсон залуугийн хувьд гэр бүлийн амьдрал нь ч өрнүүн. Хэдэн жилийн өмнө чөлөөт цагаараа охиныхоо даавууг угаадаг хэмээн ярьж байхыг нь сонсож байсан. Үүний зэрэгцээ нэг дүр дээр ажиллахдаа 300 гаруй хуудастай том ном шиг дүүрэн ноот, үгийг бүгдийг нь цээжилнэ гэхээр бас л амаргүй. Гэхдээ түүний ирээд үй гялалзаж байгаа мэт санагдсан. Чадалтай хоолой, сайн багш, том тайз түүнд байна шүү дээ.
Ж.СОЛОНГО