Амьтны хүрээлэнгээс оцон шувуунууд “алдагдсан хэрэг” энэ сарын 15-нд Америкийн Денвер хотод гарчээ. Алдагдсан амьтдын мөрөөр эрэн сурвалжилбал тус хүрээлэнгийнхэн Нэн ховордсон амьтдыг хамгаалах өдрийг “тэмдэглэж” буй нь энэ аж. Мөхлийн ирмэгт очоод буй амьтдыг хамгаалах арга хэмжээ авахгүй бол бид тэднийг дахин харж чадахгүй болно хэмээх мэдээллийг түгээх зорилготой уг арга хэмжээ иргэдийн анхаарлыг багагүй татжээ.
2006 онд анх Америкийн конгресс Нэн ховордсон амьтдыг хамгаалах өдрийг жил бүрийн тавдугаар сарын 15-нд тэмдэглэхээр шийдсэн байдаг. Хамгаалах ажилд нийтийн анхаарлыг хандуулах ач холбогдолтой эл өдөр тус улсын өнцөг булан бүр дэх амьтны хүрээлэнгүүд өөр өөрсдийн аргаар хамгааллын ажилд нэгдлээ. Сан Диегогийн сафари хүрээлэн эл өдөр “Хирсний төлөөх авто уралдаан” зохион байгуулсан байна. Зөвхөн Ази Африкийн зарим бүсэд л нутагладаг хирсийг найман цаг тутам нэгийг авладаг болохыг саяхны судалгаа тогтоожээ. Хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл 15 жилийн дараа эл амьтан зөвхөн музейн чихмэл болон үлдэх аж.