Жи энтертайнмент компани, UBS телевизтэй хамтран хөгжмийн зохиолч Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ? уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулж Жи энтертайнмент компанийн захирал Д. Ганболдоос тодрууллаа.
-Гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг тэмцээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ сарын 20-оос 12 хоёрдугаар сарын 5-ны хооронд таван үе шаттайгаар “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” уралдааныг зохион байгуулах гээд бэлтгэл ажилдаа орж байгаагаа дуулгахад таатай байна. Монгол Улсын 21 аймаг болон ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, Япон, Солонгос гээд олон улсыг хамарсан дуулах дуртай 16-аас дээш насны бүх хүн оролцох боломжтой өргөн хүрээтэй уралдаан болох юм. Энэхүү уралдаан нь шинэ залуу дуучдыг шинээр тодруулан, төрүүлэхээс гадна нэгэнт олны танил болсон дуучид дахин өөрийгөө эвдэж, шинээр нээх, дуулж үзээгүй дуугаа дуулж өөрийгөө дахин сорих боломжийг олгож байгаа гэдгээрээ онцлог юм.
-Урьд жилүүдэд энэхүү тэмцээнд хэр олон оролцогч оролцож байв? Энэ жилиийн уралдаан урьд жилээс юугаараа онцлог болох вэ?
-Рок поп хөгжмийн тэргүүн дээд пентатоник наадмын таван удаагийн шагналт, хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, МУГЖ Л.Балхжавын 30 гаран жилийн хугацаанд зохиосон олон арван дуунуудаас сонгох дуулах боломжийг оролцогчиддоо олгож байгаа. Түүнчлэн урьд жилүүдэд энэхүү тэмцээн маань “Хийморь тэтгэсэн Улаанбаатар”, “Балхжавын 13” гэх нэртэйгээр зохион байгуулж байсан бол энэ жил “Be star” нэрэн дор зохион байгуулж, аль ч орны иргэд зөвхөн монгол хэлээр дуулж хоолойныхоо хүчийг үзэх гэж байна. Хөгжмийн зохиолчийн уран бүтээлүүд нь олон төрөл жанраар зохиогдсон байдаг учраас оролцогчдод илүү боломж нээгдэж байгаа гэсэн үг юм.
-Тэмцээний эхний шат хэзээ эхлэх вэ?
-“Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” уралдаан таван үе шаттай. Нэгдүгээр шатны шалгаруулалт наймдугаар сарын 1-ээс есдүгээр сарын 1 хүртэл өөрийн орон нутаг болон олон улсад болох юм. Шалгарсан оролцогчид есдүгээр сарын 5-10 хүртэл Улаанбаатар хотод хоёрдугаар шатандаа шалгуулна. Гуравдугаар шатдаа кино жүжгийн дуунаас сонголтоо хийж аравдугаар сарын 1-10 хүртэл болох бол дөрөвдүгээр шатанд эх орны сэдвийн дуу дуулж өрсөлдөх юм. Харин эцсийн шалгаруулалт арванхоёрдугаар сарын 5-нд гала концерт хийж, гранпри шагналын эзнийг тодруулах юм.
-Шүүгчдийн бүрэлдэхүүний хувьд хэн хэн байх вэ?
-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлчид тэмцээнийг шүүх болно. Одоогийн байдлаар шүүүгчдийн бүрэлдэхүүнийг сонгох ажил яриа хэлэлцээрийн шатанд явж байгаа. Мөн энэхүү уралдаан нь UBS телевиз болон 21 аймгийн телевиз, гадаадын таван телевизээр олон нийтэд хүрэх юм.
“Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” уралдааны бүртгэл эхлэх гэж байна