Спортынхон шиг нас, хүйс, жингээр ялгардаггүй хамгийн өрсөлдөөнтэй, сонирхолтой тулаан өчигдөр болж өндөрлөлөө. Толгой өргөж хармаар ханхар том залуу шавилхан биетэй жаахан охинд ч ялагдчихдаг урьдчилан таамаглахын аргагүй өрсөлдөөн урлагийнхан дунд л өрнөдөг. Гэхдээ гарын ур, хоолойн цараа гээд нэг хоёроос илүүгүй ур чадвар шаарддаг урлагийн бусад төрлүүдтэй харьцуулахад гудамжны бүжиг нь хөдөлгөөний эвсэл төдийгүй бүтээлч сэтгэхүй, үзэгчдийг болон хөгжмөө мэдрэх мэдрэмж гээд тархийг биетэй нэг дор ажиллуулдаг ур чадвар шаардсан төрөл.
Гудамжны бүжгийн тэмцээн ихэвчлэн халз тулааны хэлбэрээр зохиогддог юм билээ. Оролцогчид нь урьдчилан мэдээлэлгүй, тухайн мөчид дижейн сонгож тавьсан хөгжмийн хэмнэлд тохируулан бүжгийнхээ хөдөлгөөн бүрийг өөрөө дэглэж, цаг тухайд нь бүжгээ найруулан тавьдаг онцлогтой. Тиймдээ ч тэд бол зөвхөн бүжигчин биш, бас бүжиг дэглээч. Оролцогчдоос орчноо мэдэрч, үзэгчдийн өмнө шинэхэн бүтээлээ туурвих боломж олгодог эл тэмцээн анх удаа бооцоотой зохион байгуулагдсан юм. “Aim4r” продакшн уламжлал болгон сар бүр зохиох “Stand off” тэмцээн анхан суралцагчид болон ахисан түвшний бүжигчид гэсэн хоёр төрлөөр хийсэн тэмцээний эхний шатанд 19 бүжигчин оролцсоноос “Номун далай” сургуулийн сурагч А.Амина ялагчаар тодорлоо.
Тэмцээний залуу оролцогчдын нэг түүний түрүүлсэн сэтгэгдлийг хуваалцлаа.
-Тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэе. Өмнө нь бүжгийн тэмцээнд оролцож байсан уу?
-Баярлалаа. Энэ миний оролцсон анхны тэмцээн.
-Бүжгээр хичээллээд хэр удаж байна вэ?
-Дөрвөн сар л болж байна.
-Бүжгээр хичээллэх нь ямар давуу талтай вэ?
-Өөртөө итгэлтэй болдог гэх мэт олон давуу талтай. Ер нь бүхий л талаараа хөгжиж байна.
Тэмцээний танхим өргөн өмд, хэлхгэр цамц, бананан өмд, бариу цамц гээд л этгээд, гаж хэмээн ахимаг насныхны гоочилдог өвөрмөц содон хэв маягийн цуглуулгын талбар болсон гэлтэй. Өмссөн хувцсаар нь дүгнэхдээ “Цэнгээний газраас салддаггүй байж таарна” хэмээн буруутгадаг залуус угтаа өөрийн сонирхол, хообийндоо хөтлөгдөн амралтын өдрүүдийг амарч биш өөрийгөө хөгжүүлж өнгөрүүлдэг юм билээ.
Тэдний нэг болох ахисан түвшний оролцогчдоос хамгийн залуу нь болох Б.Төрболдтой (15 настай) уулзаж ярилцлаа.
-Хэдийнээс бүжиглэж эхэлсэн бэ?
-2012 оноос сонирхон бүжиглэж эхэлсэн. Одоо ахтайгаа хамт ”Aim4r” продакшнд суралцаж байна.
-Яагаад бүжиг сонирхох болов?
-Өвөө маань бүжигчин хүн. Тиймээс өвөөгөө дагаад л урлаг, тэр дундаа бүжигт дурласан.
-Гудамжны бүжгийн тэмцээн манайд хэр их зохиогддог вэ?
-Манайд дунджаар хоёр сар тутам нэг тэмцээн болдог. Тэр бүрт л орж өөрийгөө сорьдог. Одоогоор шагналт байранд шалгараагүй ч цаашдаа түрүүлнэ гэж боддог.
-Бүжгээр хичээллэж эхэлснээр ямар өөрчлөлт гарч байна вэ?
-Эрүүл мэндийн талаасаа хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ. Түүнчлэн хувь хүний хувьд чөлөөт цагаа зөв өнгөрүүлж, найз нөхдийн хүрээгээ тэлж, нээлттэй нүүрэмгий болох гэх мэтээр байнга хөгждөг.
О.УНДАРМАА