Сан-Францискод суралцдаг реппер Серёжатай фэйсбүүкээр холбогдож ярилцсанаа хүргэе
-Дөрвөн жилийн өмнө BX, Дандий, “Опозит” хамтлагтай хамтран “Претти лэйди” дуу хийхдээ Серёз нэртэй байсан бол “Киви”-гийн Укатай дуулахдаа Серёжа болгож өөрчилсөн нь ямар учиртай вэ?
-Намайг уг нь Ц.Мөнхбаяр гэдэг. Нэг их инээгээд байдаггүй, “чухал царай”-тай болохоор анх үглэж эхлэхдээ өөртөө Серёз нэр тохирно гэж үзсэн. Тэр нь явсаар Серёжа боллоо. Америкт ирээд, 2008 оноос сонирхогчийн түвшинд дуу хийж, боломж олдвол заримыг нь дүрсжүүлж байлаа. Тэгээд бүр тууштай, том зорилготойгоор мэргэжлийн түвшинд дуулахаар шийдээд 2013 оноос хойш дуугаа цацахаа түр зогсоож, энэ урлаг, урсгалаа сайн судалж, бэлтгэл хийсэн гэсэн үг. Бүгдийг шинээр эхэлж байгаа учир Серёжа нэрээрээ дуулахаар шийдсэн.
-Серёз, Серёжа хоёр юугаараа ялгаатай вэ?
-Серёжа илүү боловсорсон реппер. Өмнө нь би өөртөө сэтгэл хангалуун бус, зүгээр л дууг зугаа цэнгэл маягаар хийдэг байсан бол одоо би Монголын хип хопыг байлдан дагуулахыг хүсэж байна. Серёз нэрээр 25 орчим дууг ганцаараа болон бусадтай хамтарч хийсэн. Харин Серёжа 12 дуу хийснийхээ хоёрыг нь цацаад байна.
-Байлдан дагуулахын тулд хэрхэх вэ?
-Тэрийг өөрөө хэлэх нь илүүц биз. Дуугаараа л батална даа.
-2008 оноос дуу хийсэн гэлээ. Тэгвэл хип хоптой амьдралаа хэрхэн холбосон бэ?
-Урлагт багаасаа л хайртай байсан. 14 настайгаасаа шүлэг бичиж эхэлсэн. Тухайн үедээ найрал дууны дугуйланд явдаг байлаа. Аав минь сайхан дуулдаг учир түүний авьяасаас бага ч болов өвлөсөн гэж боддог. Дунд сургуульд байхдаа гурван найзтайгаа хамтлаг байгуулж байсан. Харин Америкт ирээд хип хопыг өөр түвшинд ойлгож, надад яг тохирсон гэдгийг мэдсэн.
-Өөр түвшинд энэ урсгалыг мэдэрсэн гэхээр танд монгол хип хоп ямар санагддаг вэ?
-Монгол хип хопыг хүмүүс өөр өөрсдийнхөө өнцгөөс ойлгодог биз. Миний бодлоор хөгжиж байгаа. Би бас тэр үйл хэрэгт хүчин зүтгэж яваа. Өрсөлдөөн ихтэй болсон гэж бодож байна.
-“Хөгжим өөрөө их баян юм, бас дэндүү харамч юм” гэж фэйсбүүк хуудастаа бичсэнээ тайлбарлана уу?
-Тухайн үед надад төрсөн мэдрэмжээ л илэрхийлсэн байх. Мэдээж хөгжим гэдэг баян. Энэ олон зуун жилийн турш давтагдашгүй, тасралтгүй хөгжим төрсөөр, түгсээр байна. Даанч гайхамшигтай хөгжим зохиох авьяас тийм ч олон хүнд заяадаггүйгээрээ харамч.
-Хайрын дууны үг их мэдрэмжтэй бичдэг юм билээ. Хайртай учирч байсан болохоор тэр үү, эсвэл төсөөллөөрөө зохиодог уу?
-Би хайр гэдгийг бүрэн гүйцэт таниагүй. Урьдын учралуудын аль нэг нь хайр байсан ч байж магадгүй, эсвэл үгүй биз. Надад тохиолдсон зүйлс, сэтгэл хөдөлгөсөн мөч, бага зэргийн төсөөллөөрөө дууны үгээ бичдэг.
-Таныхаар ая, үг, үглэлтийн хэв маяг аялга, репперийн хоолойн өнгөний аль нь хип хоп дууны амин сүнс вэ?
-Эдгээрээс хоёрыг нь сонго гэвэл үглэх хэв маяг, үгийг хэлнэ. Хамгийн чухал нь үг. Цаг үеэ дагаад сонсогчдын дуунаас таашаадаг зүйлс өөрчлөгддөг юм байна. Одоо ая нь л сонсголонтой байвал үгийг нь анхаарахаа байсан юм шиг санагддаг. Уг нь хип хоп бол юунд ч баригддаггүй, үзэл бодлоо илэрхийлдэг эрх чөлөө шүү дээ. Тэгтэл аяыг нь үгнээс нь илүү чухалчлаад хип хопын хөгийг алдагдуулаад байгаа юм.
-Өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
-Хүн цаг ямагт шинэ зүйлтэй нүүр тулгарч, мэдэрч, мэдэж авахын хэрээр мэдлэг боловсрол нь тэлдэг. Тархиа цэнэглэж, мэдлэг хуримтлуулж, анхаарлаа сайн төвлөрүүлж сурахад суралцаж байна. Анхаарлаа төвлөрүүлж сурах нь тухайн мөчид дуундаа нэвтэрч, сэтгэлээсээ мэдрэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
-Сонсогчид ийм дуунд дуртай, тиймийг нь хүлээн авахад бэлэн биш гэх зэргээр дүгнэдэг үү. Өөрөө дуртайгаа хийх чухал уу, эсвэл сонсогчдын таашаалд нийцүүлэх хэрэгтэй юү?
-Миний мэдэрч байгаатай ижил зүйлийг мэдэрдэг хүн байдаг гэдэгт итгэдэг. Би л сэтгэлээсээ хийж чадвал бусдад хүрнэ. Дуучин, уран бүтээлч бүрт хүний зүрхэнд хүрэх арга барил, зам байдаг гэж боддог. Тиймээс өөрийнхөө хүсээгүйг бусдын таашаалд нийцүүлж хийнэ гэдэг өөрийгөө хуурахтай адил.
-Монголын зах зээл жижиг, хип хоп сонирхдог хүмүүсийн тоо цөөн зэрэг олон зүйлээс шалтгаалж энэ чиглэлээр тууштай явахад репперүүдэд бэрхшээл тулгардаг.
-Хип хоп бол багаасаа өдийг хүртэл орхиогүй миний мөрөөдөл. Дуунуудаа аль болох өндөр түвшинд чанартай хийж, монголчууддаа бэлэг баримаар байна. Би хэзээ ч мөнгө олох гэж хип хоптой нөхөрлөөгүй.
-Дууны санаа, сэдэв давхцуулахгүйгээр хийх боломж байдаг уу. Сэдвээ хэрхэн олдог вэ?
-Санаа ямар нэгэн байдлаар давхцана. Аливаа юмс өмнөх агуу зүйлийн үргэлжлэл гэж ойлгодог. Тэгэхээр онгод хаа сайгүй л байдаг. Дууны сэдвүүдээ тухайн үед мэдэрсэн зүйлүүдээсээ олдог. Миний дуунууд надтай ямар нэгэн байдлаар холбоотой, миний амьдралыг өгүүлсэн ном гэж хэлж болно. Тэгэхээр би тийм ч хаалттай хүн биш гэсэн үг. Мөн дуунуудаараа бусдад ямар нэгэн захиа дайхыг хүсдэг. Дуу гэдэг олныг залж чиглүүлдэг шүү дээ.
-Сан-Францискогийн Academy of Art University-д жүжигчний мэргэжлээр суралцдаг гэсэн үү?
-Тийм ээ, хоёр жилийн дараа сургуулиа төгсөнө. Багаасаа л жүжигчин болохыг хүсдэг байсан. Тиймээс тал, талын авьяасаа хөгжүүлэхээр сурч байна даа. Монголдоо очоод хийхээр төлөвлөсөн ажил олон байна. Тухайлбал, тоглолтоо хийж, цомгоо хэвлүүлнэ. Монголоос кинонд тоглох санал ирвэл тоглоно. Ямар дүр вэ гэвэл сайн талын баатарт тогломоор байна.
Б.ДӨЛ