Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн Сонгодог урлагийн тэнхимийн уран зургийн ангийг О.Цэвэгжавын нэрэмжит урлан болголоо. Энэ үеэр XX зууны манлай, анхны ардын зураач, Төрийн хошой шагналт энэ эрхмийн охин Дагиймаа “Миний аав бол Монголын урчуудын эвлэлийг үүсгэн байгуулж, дүрслэхийн сургуулийн үндсийг тавьсан хүмүүсийн нэг. Өдгөөгийн олон зураачийг төрүүлсэн багш хүн. Аавынхаа алдартай бүтээлүүдээс болон ХХ зууны манлай болсон өргөмжлөл, зургуудаар нь гарын авлага бүтээснээ энэ урланд хүлээлгэж өгье. Зураач болохоор суралцаж буй хүүхдүүд аавын минь уран бүтээлээс суралцаж, ойлгоход энэ урлан ач холбогдолтой болов уу” гэсэн юм.
Цог жавхлан, хүч тэнхээт хоёр азарганы чадал сорьсон эгзэгтэй мөч, бие махбодийн онцлог, зан аашийн өвөрмөц байдлыг дүрсэлсэн “Азарганы ноцолдоон” зургаа бүтээхдээ О.Цэвэгжав гуай 15 жил судалсан гэдэг. Утга агуулга өнгөний хосгүй зохицолтой эл бүтээлийг хэн сайн зурах вэ сэдэвт уралдаан түүний мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж ялагчдыг эл урлангийн нээлтийн үеэр тодруулсан. “Азарганы ноцолдоон”- ыг тэр янзаар нь хуулбарлалгүй, орчин үеийн чиг хандлагад тохируулан, өөрсдийнхөөрөө илэрхийлсэн зургууд ирүүлснээрээ уг уралдаан онцлог болжээ.
Тус тэнхимийн 13 оюутан оролцсоноос Д.Ганпүрэв түрүүлж, Б.Даваадорж, Б.Хүрэлбаатар, Б.Бямбажав нар удааллаа. “Би тэртээ тэргүй реалист чиглэлээр О.Цэвэгжав гуай шиг сайн зурж чадахгүй тул өөрийнхөөрөө дүрслэхээр шийдэж, кубист хэв маягаар бүтээсэн” хэмээн Д.Ганпүрэв зургийнхаа талаар хэлсэн. О.Цэвэгжавын анхны шавь нарын нэг, СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд 20 гаруй жил багшилсан Х.Содномцэрэн “1963 онд ХБК-ийн уран зургийн ангид дүүгээ элсүүлэх гэж яваад санамсаргүй өөрөө шалгалт өгөхөд Амгалан, Цэвэгжав багш нар тэнцүүлсэн.
Цэвэгжав багш Францын сургалтын хөтөлбөрийн зарчмыг баримталдаг байсан. Би олон жил багшлахдаа түүний сургаалаар яваа. Тэгэхээр миний шавь нар, шавийн минь шавь нар ч гэсэн О.Цэвэгжав багшийн сурагчид гэсэн үг. Тэрбээр их энгийн хүн байсан. “Уран зураг зурахад заавал мэргэжлийн, алдартай хүнээс асуух гэж оролдох хэрэггүй. Хүнийг мэргэжлээр нь голж болохгүй. Жирийн алба хашдаг хүн л үнэнийг хэлдэг” гэж захидаг байсан. Энэ дагуу би ч хөдөө аж ахуйн сэдэвтэй зураг зураад цэвэрлэгч эгчээс асуухад тун үнэн шүүмж хэлж байсан шүү. Зураачийн авьяас, чадвар том хэмжээтэй, олон зураг зурснаасаа биш, ганцхан таталбар зурааснаас ч харагддаг.
Тухайлбал, энд түүний хамгийн сүүлд зурсан “Уургач” зургийг дэлгэжээ. Анхны санаагаа хэрхэн гаргасан, зохиомж, зургийн эрчимээс түүний хэр чансаатай зураач гэдэг нь харагдаж байгаа биз” гэв.
Б.ДӨЛ