Техник технологи хөгжихөөс өмнө мэргэжлийн урлагийн байгууллагуудын тоглолтын зарын хуудсыг зураачид урладаг байсан нь өдгөө түүх болон үлджээ. Ирэх даваа гаригт тохиож буй олон улсын музейн өдрийг тохиолдуулан Театрын музей мэргэжлийн урлагийн байгууллагуудын тоглолтын зурагт хуудсаар үзэсгэлэн дэлгэх нь. Тус музей сан хөмрөгтөө хадгалагдаж буй, 1939-1990 он хүртэл нээлтээ хийсэн кино, жүжиг, дуурийн 190 гаруй зурагт хуудсыг сонирхуулах аж. Тухайн үед зарлалын зурагт хуудас дээр зураачийн нэрийг тавьдаггүй байсан тул заримынх нь эзэн тодорхойгүй юм байна. Сонирхуулахад, Улсын төв театрт 1939 онд тоглосон “Отелло” жүжгийн зарлалын зурагт хуудас уг үзэсгэлэнд тавих хамгийн эртнийх нь гэнэ. Үзэсгэлэн ирэх наймдугаар сар хүртэл үргэлжилнэ.